БРАВО: Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ

Хөгжмийн зохиолч, продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат урлагийн тайзнаа эргэн ирлээ.

"The Voice of Mongolia" шоуны өчигдөр болсон хагас шигшээ шатанд дөрвөн шүүгчийн найман оролцогч дуу хоолойгоо өргөсөн бөгөөд төгөлдөр хуурч Б.Чинбат  шоуг нээж, шинэ уран бүтээлээ толилуулсан юм. 

Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний гэргий Ц.Сарнай донор болсон бөгөөд мэс засал нь амжилттай болсон юм. Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад тусгай нислэгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн билээ.

Дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудастаа: 

"Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирж, чамайг минь хайрладаг, чиний минь агуу хөгжмийн хязгааргүй ертөнцөөр үргэлжлүүлэн хамт аялах гэж тэсэн ядан хүлээж байсан хайртай ард түмэндээ эргэн ёсоллоо. 

Тайзан дээрээ жаргалтай байдаг энэ мөчийг нь ирээсэй гэж би чинь чин зүрхнээсээ тэнгэр бурхнаасаа, тэнгэрт байгаа ааваасаа гуйн залбирч байлаа.

Түүнийг минь эргэн ирүүлсэн тэнгэр бурхандаа, алтан гарт агуу эмч нартаа, ижий аав гэр бүлийнхэндээ, үргэлж үнэнч анд найз нартаа, гурван сайхан үрсдээ, хамгийн ихээр түүнийг минь хайрлаж хамгаалдаг ард түмэн та нартаа чин зүрхний угаас баярлалаа. Сарнай нь" гэжээ.