Т. Ганболд: Бид өргөс авсан мэт өөрчлөлтийг хийх ёстой

УИХ-ын 19-р тойрогт бие даанн нэр дэвшигч Т.Ганболд өнөөдөр тус аймгийн Хонгор сум болон Дархан сумын 10-р багийн иргэдтэй уулзлаа. Уулзсан иргэд шинэ хүн, шинэ сонголт хийх чин хүсэлтэйгээ илэрхийлэн, амжилт хүслээ. Дархан-Уул аймгийн иргэдийн хамгийн том асуудал бол ажилгүйдэл гэдгийг олон иргэн хэлж байв. Дарханы нэр нүүр болсон төмөрлөгийн үйлдвэрийг яаралтай одоо байгаа эздээс нь салган авч, эдийн засгийн зөв гольдирлоор хөгжүүлж, иргэдэд ажлын байр, орлоготой болгож өгөхийг хүссэн юм.

Хонгор сумын иргэн К.Жинсхаан "Сайн сайхан зүйл бүтээж явсныг тань бид мэднэ. Эх орныхоо эзэн нь болсон иргэд биднийхээ төлөө их зүйл хийгээрэй. Өвөө нь чамд итгэж байна" гээд хадаг сүү барин амжилт хүссэн юм.

 Иргэн Л.Даваадорж “УИХ-д нэр дэвшигчид хэлэхдээ, бидэнд эрх мэдлийг л өгчихвөл амьдрал сайхан болно гэхэд нь итгэж олон жил тэднийг сонгож ирлээ. 


Гэтэл тэд эрх мэдлийг аваад ч бидний амьдралд юу ч өөрчлөгдсөнгүй. 30 жилийн өмнө хүсч байсан сайхан амьдрал миний болоод үр хүүхдийн минь үед ч ирсэнгүй. Мэдлэг чадвар, сэтгэл, ёс зүйтэй хүмүүсээр Монголын төр дутагдаж байна. Би энэ удаад нам гэх нэрэн дор нуугдсан ашиг сонирхлын бүлэг бус ард бидний дуу хоолой, төлөөлөл болсон бие даагч нарыг сонгоно. Танд амжилт хүсье” гэв.

 н.Батсуурь “Энэ удаад бид өөрсдийнхөө төлөө биш үр хүүхдийнхээ төлөө хариуцлагатай сонголт хийх цаг нь болсон. 


Концессын гэрээ гэх нэрийн дор хувийн өмчид шилжүүлсэн Дархан хотын маань нүүр царай Төмөрлөгийн Үйлдвэр, энэ том үйлдвэрийг дагасан бусад үйлдвэрүүдийн дахин хөл дээр нь босгож, залуус биднийг ажлын байраар хангаж өгөхийг хүсч байна. Таныг чадна гэдэгт ч итгэж байна” гэв.

  Н.Хайртхаан “Хэдэн жилийн өмнө хонгор сум мөнгөн усанд хордоод амьдрал хүнд хэцүү байсан үед таныг манай сумаас 250 гаруй залуусыг сургаж, мэргэжил олгож ажилтай орлоготой болгосонд баярлаж явдаг. Энэ залуус дунд миний хүү ч байсан. 


Гэвч Т.Ганболд даргыг явснаас хойш тэдгээр залуусын дийлэнх нь орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. Таныг дахиад илүү хэдэн жил ажилласан бол мэргэжил эзэмшсэн манай залуус өдийд ийм байхгүй байсан. Төрийн дээр хулгай

нүүрлэсэн үед ард  иргэд хэчнээн хичээгээд ч нэмэр алга шүү дээ. Ардчиллын онцлог бол иргэн бүр хүчтэй байхын нэр гэж би боддог. Иймд бидний дуу хоолой болж таныг УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье” гэв.
  

 Ж.Хулан “Мичид" салоны манай хамт олон өнөөдөр таныг дэмжихээ илэрхийлж ирлээ. Таны үйл хэрэг, үзэл бодлыг дарханчууд бид дэмжиж байна. Танд амжилт хүсье” гэв.

 Өндөр настан н.Оюунчимэг “Зарим иргэд, бие даагчид Их хуралд гараад юу ч хийж чадахгүй, ямар ч нэмэргүй мэтээр их ярьдаг болсон байна лээ, би үүнийг эсрэгээр нь харж байгаа. Харин ч олон жил бид МАНАН-д хулхидууллаа. Та энэ жил бие даагчдын платформ байгуулж олны хүчийг нэгтгэж байгаад чинь үнэхээр их талархаж байна. Таныг дарханчууд бид дэмжиж, сонгогдох байх аа гэж итгэж байгаа шүү” гэв.

Уулзалтын төгсгөлд Т.Ганболд " Эрх баригчдын хэлдэг "Өргөс авсан мэт өөрчлөлт хийх боломжгүй" гэх үгэнд би их эгдүүцдэг. Өргөсийг удаан байлгаж болдоггүй, идээ бээр татаж, эрүүл мэндээрээ хохирох явдал ч гарна. Бид өргөс авсан мэт өөрчлөлт хийх ёстой" гээд аз жаргал, амжилт хүслээ.