З.Энхболд уулзалтынхаа үеэр хэлсэн зүйлсийг шалгавал...

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа З.Энхболдын өчигдрийн уулзалтын хэсгээс.

Хэлсэн үгнээс нь эшлэвэл:

...Зөвхөн төмөр замын ажилд 11000 ажлын байр бий болгох, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр, Арьс ширний цогцолбор гээд арваад үйлдвэрийг хэрхэн байгуулах бүх тооцоо, судалгаатайгаа мөрийн хөтөлбөрт байгаа. Та бүхэнд одоо тараасан мөрийн хөтөлбөр их нимгэн хураангуйлсан нь юм. Жинхэнэ мөрийн хөтөлбөр нь зузаан ном болно. Бид та бүхэнд зузаан ном бүхий хөтөлбөр тараах мөнгө байхгүй байна. Тийм учраас манай намын вэб сайт дээр бүрэн эхээр байршуулсныг та бүхэн үзээрэй. Энэ олон үйлдвэрүүдийн жагсаалт, ажиллах хүнийх нь тоо, яаж 1000 ам.долларын цалинтай ажлын байруудыг бий болгох вэ гэдэг арга хэлбэр, зорилтууд бүгд тооцоо, судалгаатай байгаа...

/Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны сонгогч иргэдтэй 2020.06.07-ны өдөр уулзалт хийсэн тэмдэглэл. Өөрийнх нь фэйсбүүк хуудсаас авав/

ҮҮНЭЭС:

1. ...Жинхэнэ мөрийн хөтөлбөр нь зузаан ном болно. Бид та бүхэнд зузаан ном бүхий хөтөлбөр тараах мөнгө байхгүй байна...

ШАЛГАВАЛ:

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг Аудитын газрын сайтнаас харахад А4 хэмжээтэй 46 нүүр байв. Энэ хэмжээ зузаан ном болох эсэх нь тун ч эргэлзээтэй. Мөнгө байхгүй гэдгийг зүгээр л орхиё. (Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харсан. Гэхдээ энэ удаа зүгээр л хэлээ хазъя.)

2. ...Тийм учраас манай намын вэб сайт дээр бүрэн эхээр байршуулсныг та бүхэн үзээрэй...

ШАЛГАВАЛ:

Ардчилсан намын сайт руу ороход “Мөрийн хөтөлбөр” гэх цэс нь алдаатай, идэвхгүй байв. Гэхдээ Аудитын газраас албасан ёсоор дэлгэснээс өөр мөрийн хөтөлбөр байхгүй. Montsame.mn сайт руу орж, өнгө будагтай сурталчилгааны мөрийн хөтөлбөрийг нь харвал 36 нүүр зүйл байв.

3. ...Зөвхөн төмөр замын ажилд 11000 ажлын байр бий болгох, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр, Арьс ширний цогцолбор гээд арваад үйлдвэрийг хэрхэн байгуулах бүх тооцоо, судалгаатайгаа мөрийн хөтөлбөрт байгаа...

ШАЛГАВАЛ:

Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрийн 2.2. Өсөлтийн бодлого, 2.3 Төрөлжилтийн бодлого гэх хэсэгт дараах 2 өгүүлбэр бий. Харин өөрийнх нь хэлсэнчлэн “бүх тооцоо, судалгаатайгаа” байхгүй. (Мөрийн хөтөлбөрөөс "барьж байгуулахыг дэмжинэ, үргэлжлүүлнэ" гэсэн арваад үйлдвэрийн нэр байсан. Би энд өөрийнх нь хэлсэн 3 үйлдвэртэй холбоотой заалт түүсэн юм)

Мөрийн хөтөлбөрийн 2.2. Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Ган, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн дөрвөн чиглэлийн суурь аж үйлдвэрүүдийг тухайн, бүс аймгийн онцлог байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар байгуулна.

Мөрийн хөтөлбөрийн 2.3. Дарханы арьс ширний цогцолборыг барьж, ашиглалтад оруулах ажлыг дэмжинэ.

4. ...Энэ олон үйлдвэрүүдийн жагсаалт, ажиллах хүнийх нь тоо, яаж 1000 ам.долларын цалинтай ажлын байруудыг бий болгох вэ гэдэг арга хэлбэр, зорилтууд бүгд тооцоо, судалгаатай байгаа...

ШАЛГАВАЛ:

Дээр дурдсанчлан болон бусад "барина, дэмжинэ, эхлүүлнэ" гэх үйлдвэрийн заалтууд байхаас "арга, хэлбэр, зорилтууд бүгд тооцоо, судалгаатайгаа" (өөрийнх нь хэлснээр) мөрийн хөтөлбөрт байсангүй. Ер нь байх боломжгүй.

Эх сурвалж: Ч.Бат-Уянга /эрх зүйч/