Н.Номтойбаярыг өнөөдөр нээлттэй шүүнэ

УИХ-ын сонгуулийн 29–р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр /2020.06.11/ 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан юм.  



Цагдан хорих болсон шалтгаан нь мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл  шүүхээс түүнийг шүүх хурлын товоо наашлуулж олон нийтэд нээлттэй хийхээр болсон нь энэ юм.

Энэ хооронд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр батламжилж, үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны ажлыг нь явуулж байна.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх  үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

Тэрбээр тавдугаар сарын 28-ны өдөр  шүүхээс хорих шийдвэр сонссоны дараа  өөрийн цахим хуудаснаа “Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл” хэмээн бичсэн байдаг.

 СОНГУУЛЬД Н.НОМТОЙБАЯРЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД СЭДСЭН БАШИР АРГА

Удалгүй түүний өмгөөлөгч албан ёсны мэдээлэл хийхдээ  “Тавдугаар сарын 22-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах СЕХ-ны тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж өмгөөлөгчдийн зүгээс харж байна. Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ нь зохион байгуулалттайгаар УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярыг өрсөлдүүлэхгүйн тулд сэдсэн башир арга” хэмээн мэдэгдсэн юм.