Нэр дэвшигчид Фэйсбүүкт хэдэн тэрбумын орлого оруулж байна вэ?

Улсын их хурлын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн 485,  бие дааж 121, нийт 606 нэр дэвшигч есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 330 сум буюу нийт 29 тойрогт нэр дэвшиж байна. 

Сонгуульд 800 нэр дэвшигч өрсөлдвөл  сурталчилгаанд ойролцоогоор 470 тэрбум төгрөг зарцуулна гэсэн урьдчилсан судалгаа гарч байв.  Бүх зардлыг тооцоход дунджаар нэг нэр дэвшигч сурталчилгаанд  470 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл 606 нэр дэвшигч нийт 284 тэрбум төгрөгийг, нам эвсэл тус бүр дунджаар 5 тэрбум, нийт 85 тэрбум төгрөг зарцуулна  гэвэл нийт 369 тэрбум төгрөг сурталчилгаа явуулах 20 хоногт зарцуулахаар байна. 

ФЭЙСБҮҮКТ ӨДӨРТ 22 ТӨЛБӨРТЭЙ ПОСТ ОРУУЛЖ БАЙГАА НЭР ДЭВШИГЧ Ч БАЙНА

Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 10 нэр дэвшигчийг сонгон авч сурталчилгаа эхлэхээс өмнө буюу хоёр сарын өмнөөс ажиглалт хийжээ. 10 нэр дэвшигч энэ хугацаанд 120 мянгаас 4,7 сая төгрөг буюу дунджаар нэг хүн  1,6 сая төгрөгийг фэйсбүүкийн төлбөртэй постод зарцуулж байсан бол сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлснээс хойш нэг хоногт 22 удаагийн төлбөртэй пост оруулсан хүн ч байсныг онцолжээ. 

Тэгвэл нэг постыг 50-100 долларын төлбөртэйгөөр 4-5 хоногийн хугацаатай тавиулсан гэж үзвэл хоногт 1000 доллар зарцуулж байх магадлалтай гэдгийг хэллээ. Үүнээс үзэхэд нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар Фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна гэж үзэж болохоор байгаа гэв.

Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн оруулсан гурван пост тутмын нэг нь төлбөртэй байсан бол одоо бараг бүх пост төлбөртэйгөөр нийтлэгдэж байгаа бөгөөд нэг  пост 5-6 хоног үргэлжилж байсан гэв.

Энгийн нэг тооцоолол хийж үзье.  Нэр дэвшигч болгон сонгуулийн сурталчилгааны 20 хоногийн хугацаанд хамгийн багадаа ганцхан удаа 50 ам.доллараар төлбөртэй пост хийлээ гэж үзвэл /600 нэр дэвшигч*20өдөр * 50$ =600 мянган доллар/ нийт  1.7 тэрбум төгрөгийг зөвхөн Фэйсбүүк компани руу шилжүүлж байгаа юм. 
Энэ зардал дээр нэмэгдээд нэг тойрогт зарцуулагдах ухуулагчийн цалин 614 сая төгрөг, намын ажилтнуудад 53 сая төгрөгийн цалин өгнө гэсэн тооцоолол гарчээ.

СЭТГҮҮЛИЙН ЦААСЫГ ХАЯГДАЛД АВДАГГҮЙ

Нэг талаас сурталчилгааг хуулийн дагуу явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ байгальд шингэдэггүй бүтэцтэй цаасаар хийсэн тараах материал, хулдаасан хэвлэлийг их хэмжээгээр үйлдвэрлэж хэвлүүлэх нь хог хаягдлыг нэмэгдүүлэх, байгальд хор хохирол учруулах сөрөг үр дагавартай. 

Сэтгүүл, танилцуулах материалын хаягдал авдаг эсэхийг “Хаягдал цаас авна” гэсэн зар бүхий “Төвшин сайхан төв”-өөс асуухад “Монголд зөвхөн сонин, дэвтэр, номны доторх цаас, бичгийн цаасыг л дахин боловсруулж, өндөгний хайрцаг, ариун цэврийн цаас  үйлдвэрлэх боломжтой. Сэтгүүлийн цаасыг дахин ашиглах технологи одоогоор байхгүй учраас авдаггүй” гэсэн юм. Тиймээс гөлгөр цаасаар хийсэн энэ бүх тараах материал нь хог хаягдал болж үлдэж байна. 

Хэвлэлийн компаниудаас 120*80 см кв хэмжээтэй самбарын хулдаасан хэвлэлийг ямар үнэтэй хэвлэж байгаа талаар асуухад тоо ширхгээсээ хамаараад нэг ширхэг нь 5000-6000 төгрөг болно гэв. Нэг нэр дэвшигч хамгийн багадаа 20 ширхгийг хэвлүүллээ гэж үзвэл хулдаасан хэвлэлд 250 мянган төгрөг, 606 нэр дэвшигчээс 60 сая төгрөг гарна. 

А4 хэмжээтэй танилцуулга материалыг дунджаар 300 ширхгийг 200 мянган төгрөгөөр /нэг ширхгийг 600 төгрөгөөр хэвлэдэг гэсэн тооцоо гарав/ хэвлэдэг байна.

Хэрвээ Монгол Улсад бүртгэлтэй 800 мянган өрхөд нэг нэр дэвшигч /зарим нэр дэвшигч 2-3 ширхгийг нэг өрхөд өгч байгаа/ нэг цаасан хэвлэл тараана гэж үзвэл  /800 мянган өрх *1 ш А4 материал * 600₮/  480 сая төгрөг зарцуулж байна. Гэвч энэ нь хамгийн хямдаар бодож үзсэн тооцоолол тул зардал үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай.

БАЙЖ БОЛОХ ШИЙДЛҮҮД

  • Хэдийгээр Монголд фэйсбүүк хэрэглээ өндөр ч гадагшаа урсаж байгаа энэ  мөнгийг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарцуулбал энэ мөнгө дотооддоо үлдэх боломжтой юм. 
  • Япон, Казахстан зэрэг орнуудад нэг том самбарт тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн сурталчилгааны хуудсыг бүгдийг нь ижил хэмжээтэйгээр нэг дор тавих шаардлага тавьдаг байна. Нэр дэвшигчдэд дуртай газраа зургаа тавих хориотой. Мөн телевизийн хөтөлбөрт орох цагийн хязгаарыг нэр дэвшигч бүрд ижил хуваарилах ёстой гэдгийг хатуу шаарддаг   ажээ.
  • Зарим нэр дэвшигч сэтгүүл, танилцуулгыг цахим хэлбэрээр бэлджээ. Гаднын орнуудад сонгогчийн хүсэлтээр цахим шуудан руу нь нэр дэвшигчийн танилцуулгыг илгээдэг байна. Ингэснээр сошиал сүлжээнд төлбөр төлөх, материал хэвлүүлэхэд зардал гарахгүй.
  • Байгальд ээлтэй, дахин ашиглаж болох сонингийн болон бичгийн цаасаар материалаа хэвлүүлэх
    Дээрх саналыг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед хэрэгжүүлж болох юм.
  • Эх сурвалж: gogo.mn