МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ

Архиваас ашиглав

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өнөөдрийн Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Монгол ардын намын дүрэмд заасны дагуу намын дарга Ерөнхий сайдаар сонгогдох учиртай. Ерөнхий сайдаа сонгосны дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ ярина. 
Өнөөдрийн Бага хурлаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрээлдэхүүнийг хэлэлцэнэ. Мөн намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан гэдгийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр хэллээ. Түүнчлэн тэрбээр "Сонгуульд амжилттай оролцож, ард түмнийхээ итгэлийг хүлээж авсан намдаа ялалт авчирсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлнэ" гэв. 


Монгол Ардын намын бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Бага хурлаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар шинэ Парламентын анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгчийн  зарлигаар өчигдөр хуралдуулж, шинэ гишүүд тангарагаа өргөсөн.

Улмаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгосон юм.

УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, танилцуулна. Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор УИХ-д оруулахаар хуульд тусгасан.

Үндсэн хуулийн 39-р зүйлийн:

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай Ерөнхийлөгч танилцана. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. 

2.Улсын Их Хуралд олонхийн суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө хэмээн заасан байна. 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн: 

2.Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчид танилцуулан, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана. 

3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалахын яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;
/Энэ дэд заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Чиглэлийн:
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам; 
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
11/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
12/Эрчим хүчний яам;
13/Эрүүл мэндийн яам.
4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна. 

Эх сурвалж: gogo.mn