Бүх нийтийн санал асуулгын үр дүнд В.Путин 2036 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах нөхцөл бүрдлээ

ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулахад саналаа өгөгсдийн 78 хувь нь дэмжиж, 21,13 хувь нь дэмжээгүй байна. Ингэснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, үр дүнд нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 2036 он хүртэл төрийг удирдах эрхтэй болох юм.

Өөрөөр хэлбэл, тус улсыг 20 гаруй жил удирдсан Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байсан ч дахин 12 жилээр сунгагдах нөхцөл бүрдэж байгаа юм.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тоо хязгаарлалтгүй болно. Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан болон хашиж буй хүн бүрэн эрхээ хэдэн удаа эдэлснээс үл хамааран дахин Төрийн тэргүүн болох боломж бүрдэнэ. Улмаар Путин бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дахин 2036 он хүртэл буюу 84 нас хүртлээ Орос орныг удирдах боломж нээгдэх юм.

Бүх нийтийн санал асуулгад оролцогсдын ирц 65 хувьтай байв. Коронавирусийн улмаас зай барих шаардлагатай байсан тул санал асуулгыг долоо хоногийн турш зохион байгуулсан. Оросын Сонгуулийн төв хороо санал хураалтын урьдчилсан дүнг санал хураалт зогссоноос хойш таван цагийн дотор танилцуулжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Тува, Дагестан, Чечень улсуудад хамгийн өндөр хувиар дэмжжээ. Тухайлбал, 

Тува - 96,79 хувь нь дэмжиж, 2,99 хувь нь дэмжээгүй
Дагестан - 90,27 хувь нь дэмжиж, 9,12 хувь нь дэмжээгүй
Чечень - 97,49 хувь нь дэмжиж, 2,37 хувь нь дэмжээгүй байна.