С.Одонтуяа: Ерөнхий сайд Дарханы замыг дуусгахгүй бол толгойтой нь ярина гэсэн, толгойг нь илээд УИХ-д оруулаад ирэв үү

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад томилогдохоор яригдаж буй У.Хүрэлсүхийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж, УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Үрэлгэн байдлаа засахгүй бол бидэнд гаднаас мөнгө босгох боломж байхгүй байна. Засгийн газар тансаглаад байхаар иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Сүхбаатарын талбайг тойруулаад хараарай. Ийм өндөр тансаг байр хэрэггүй. Хүүхдийн эмнэлэггүй байж ийм тансаглал хэрэггүй. Эмэгтэй гишүүдийг хамтатгаад ажиллуул л даа. Бид өрх гэрийн төсвөө аваад явдаг хүмүүс шүү дээ. Ковидтой холбоогүйгээр хар тамхины асуудал орж ирсэн шүү дээ.

Та Дарханы замыг дуусгахгүй бол, Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахгүй бол толгойтой чинь ярина гэсэн, толгойтой нь ярив уу, толгойг нь илээд УИХ-д оруулж ирэв үү. Бодох л хэрэгтэй. Эдийн засаг талх, махны ухаан шүү дээ. Өрх гэр орлогогүй бол талх, махаа яаж авах вэ гэдэг асуудал тул эдийн засгийг сэргээх чиглэлд баялаг бүтээгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ерөнхий сайдыг томилох асуудал үргэлжилж байна.