Тахал туссан хоёр иргэний биеийн байдал хүнд байна

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахын мэдээлэл хийлээ.

Тэрбээр, ЗӨСҮТ-ийн хамт олон зургаадугаар сарын тусгай үүргийн 11 онгоц, 2500 гаруй зорчигчид, тэдний 6451 гар тээш, 69100 кг ачаа, 89 тээврийн хэрэгсэл, нийт 3116 ам.метр талбайд эцсийн халдваргүйтгэл хийж, коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийллээ.

Өнөөдөр ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээн авахаар ЗӨСҮТ-инй гурван баг ажиллаж байна. Зам-Үүд рүү өчигдөр зөөврийн лаборатори явсан, 400-500 сорьцонд коронавирусийн шинжилгээ хийх юм.

Тарваган тахлын өвчлөл Ховд аймагт гарсан. Зургаадугаар сарын 23-ны өдөр тарвага агнасан хоёр хүн тарваган тахлын халдвар авсан. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв болон Цэцэг сумын эмнэлэгт эмчлүүлж байна.



Тандалт судалгааны үр дүнд нэгдүгээр хавьтал 147, хоёрдугаар хавьтал 504 хүнийг илрүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрууллаа.

Нэгдүгээр хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үзүүлсэн, дуудлаганд явсан нийт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. өвчтөний цэр, шээс, булчирхайн шүүдэснээс авсан шинжилгээгээр тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон.

ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр оношийг бүрэн баталгаажууллаа. Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр Жаргалант, Цэцэг суманд хэсэгчилсэн хөл хорионы дэглэм тогтоосон гэв.