Хууль бусаар нийтийн албанаас халагдсан ажилтнуудад 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГ нөхөн олгожээ

“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани хууль бусаар албан тушаалаас нь бууруулсан гэж үзсэн О.Оюунтуяа манай редакцад хандсан юм. Тэрээр байгууллагаасаа амаржсаны болон хүүхэд асрах чөлөө авчээ. Хоёр хүүхэд дараалан төрүүлсэн тул  3 жил 8 сарын турш чөлөөтэй байсан байна.

Хууль хэрхэн гууль болдог вэ?

Ажилдаа буцаж орох өргөдлөө өгөхөд түүнийг өмнөх албан тушаалд нь (хуулийн зөвлөх) бус өр авлага барагдуулах ажилтнаар ажиллуулна гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд ажилтны орон тоо, албан тушаалыг хадгалах үүрэгтэй аж. Иймд О.Оюунтуяа шүүхэд хандан, эхний хоёр шатны шүүх түүний нэхэмжлэлийг хангажээ. “Мэдээлэл холбооны сүлжээ” компани шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөгүй тул Дээд шүүхэд ханджээ.  

Энэ бол ажил олгогч, ажилтны хооронд үүсдэг маргааны нэг л бодит жишээ.

Учир нь дөрвөн жил тутамд буюу сонгуулийн дараа төрийн албаны олон ажилтан ажлаасаа халагддаг жишиг тогтоод удаж байна. Тэдний зарим нь ялсан намынхан ажлын байртайгаа золгох нь зөв гэсэн шиг өргөдлөө өгөөд ажлаасаа гардаг бол зарим нь хууль бусаар ажлаас нь халсныг эс зөвшөөрч шүүхэд ханддаг.

Чухам хэчнээн иргэн шүүхэд хандаж, тэдэнд ажилгүй байсан үеийнх нь цалинг шүүхийн шийдвэрийн дагуу олгоход улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бол?

АГТ-аас хийсэн судалгааны дүнгээс харахад 2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байна.

  • 2017 онд 237
  • 2018 онд 322  
  • 2019 онд 237 хүнийг хууль бусаар ажлаас нь халжээ. 

Хууль бусаар нийтийн албанаас халагдаж, шүүхийн шийдвэр гаргасан албан хаагчдаас

  • 2017 онд 211 албан хаагч нь нийт 1 ТЭРБУМ 105 САЯ төгрөгийн нөхөн олговор авчээ. Тэдний105 албан хаагчдад  олгосон 551 сая төгрөгийг ТӨСВИЙН ХӨРӨНГӨНӨӨС гаргасан байна.
  • 2018 онд 267 албан хаагч 1 ТЭРБУМ 427  сая төгрөгийн нөхөн олговор авснаас 107 албан хаагчдад  олгосон 443 сая төгрөгийг мөн л төсвийн хөрөнгөнөөс гаргасан.
  • Харин 2019 онд 163 албан хаагч 802 сая төгрөгийн нөхөн олговор авснаас 67 албан хаагчдад олгосон 330 сая төгрөгийг төсвийн хөрөнгөнөөс гаргажээ.

Хууль бусаар нийтийн албанаас халагдсан нь тогтоогдон, шүүхийн шийдвэрээр нөхөн олговор авсан албан хаагчдаас

2017 онд аль салбарт ажиллагсдыг хууль бусаар хамгийн их халав?

  • Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарын албан хаагчид нийт 277 сая төгрөгийн,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид нийт 141 сая төгрөгийн,
  • Эрүүл мэндийн салбарын албан хаагчид нийт 51.8 сая төгрөгийн,
  • Байгаль орчин аялал жуулчлалын салбарын албан хаагчид нийт 49.7 сая төгрөгийн нөхөн олговор тус тус авчээ.

Нөхөн олговрыг улсын төсвийн хөрөнгө болон тухайн байгууллагын хөрөнгөөс олгосон байна.  

2018 онд

  • Нутгийн удирдлагын салбарын албан хаагчид нийт 457 сая төгрөгийн,
  • Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарын албан хаагчид нийт 402. сая,
  • Хөдөө аж ахуйн салбарын албан хаагчид нийт 111 сая,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид 106 сая,
  • Эрүүл мэндийн салбарын албан хаагчид 104 сая төгрөгийн нөхөн олговор авчээ.

Эндээс харахад төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, бусдын эрх ашгийг хөндөж, хууль бус шийдвэр  гаргадаг эрх бүхий удирдах албан тушаалтны зөрчил буураагүй байна. Боловсролын салбар, нутгийн захиргааны байгууллагад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн байдал бусад салбараас харьцангуй өндөр байна.

Мөн 2017-2019 онуудад хууль бусаар нийтийн албанаас халагдаж, шүүхийн шийдвэр гаргуулсан албан хаагчдад ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ. Үүний 3 тэрбум 335 сая төгрөгийг нөхөн олговорт олгосон байна. Үүний 39  хувийг буюу нийт 1 тэрбум 328  сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөнөөс олгосон нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын  бусаар зарцуулсан, улмаар төсөвт энэ хирээр зохиомол дарамт учруулсны бодит нотолгоо юм. Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар аймгуудад нөхөн олговрыг 100 хувь төсвөөс олгосон байна.

Уг нь 2016 оны долдугаар сарын 01-нээс хойш хэрэгжиж буй Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ. Хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-дахь хэсэгт “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” болох хуулийн зохицуулалт хангалтгүй хэрэгжиж байна. Гэм буруутай этгээд гэхээр ажилтныг хууль бусаар ажлаас халах тушаалд гарын үсэг зурсан захирлууд юм. Өчигдөр УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “АН-ын хоёр гишүүнийг намын харьяаллынх нь улмаас ажлаас халжээ. Орхон аймгийн Засаг даргаар Д.Батлут ажиллах хугацаанд энэ шийдвэр гарсан байна. Тэдгээр хүмүүсийг ажилд нь аваарай” гэж эрх баригчдад хандан хэлэв.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд хууль зөрчсөн шийд гаргаагүй бол 3.3 тэрбум төгрөгийн хохирол учрахгүй байв. Байнга хөрөнгө мөнгөний гачаалтай байдаг, гаднаас зээл тусламж гуйн царайлчилж байдаг манай улсад 3.3 тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Иймд ирэх жилүүдэд сонгуулийн дараа шинээр томилогдох, сонгогдох гүйцэтгэх захирлууд өнгөрсөн гурван жилд гарсан дээрх алдааг бүү давтаасай. Улсын төсвийн мөнгөөр битгий тоглоорой.  

Эх сурвалж: gogo.mn