Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргажээ. Тэрбээр энэ талаар Твиттертээ бичсэн байна. 

Трамп энэхүү саналаа коронавирусийн цар тахалтай холбосны зэрэгцээ шуудангаар санал өгвөл сонгууль луйвардах эрсдэл байгааг онцолжээ. 

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн санал хураалтыг Конгрессоор хэлэлцэж хойшлуулах боломжтой юм. Хуулийн дагуу тус улсад арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт болдог санал хураалтын үйл явц 1845 оноос хойш нэг ч удаа хойшлогдож байгаагүй юм байна. 

Нью-Мексико  мужаас гарсан сенатч, Ардчилсан намын гишүүн Том Аделл Америкийн Ерөнхийлөгчийн жиргээг ардчилалд халдсан хэрэг гэж үзжээ.  
Тэрбээр “Түүний санал ардчиллын эсрэг хийж буй ноцтой бас аймшигтай халдлага юм. Конгрессийн бүх гишүүд, засгийн газрын албан тушаалтнууд өөрсдийн саналаа хэлэх ёстой” гэсэн байна.
Сонгуулийг хойшлуулах тухай саналд Холбооны сонгуулийн хорооны тэргүүн Эллен Вайнтрауб “Ерөнхийлөгчид сонгуулийг хойшлуулах эрх байхгүй. Хойшлуулах ч шаардлагагүй” гэжээ. Харин ч сонгуулийг аюулгүй зохион байгуулахын тулд төсвөө нэмэх шаардлагатай гэсэн байна.

Эх сурвалж: ВВС