Ким Жон Ун зарим эрх мэдлээ Ким Ё Жонд шилжүүлжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун зарим эрх мэдлээ өөрийн эмэгтэй дүү Ким Ё Жонд шилжүүлэн өгсөн талаар ВВС дамжууллаа. 

Ким Жон Уны ойрын хүмүүсийн мэдээлж буйгаар түүнд ирж буй ачаалал, стрессийг бууруулахын тулд Хойд Солонгосын гадаад руу чиглэсэн улс төрийн бодлоготой холбоотой зарим нэг эрх мэдлийг эмэгтэй дүүдээ шилжүүлсэн. Гэсэн хэдий ч Умард Солонгосын удирдагч төрийн бүх эрх мэдлийг гартаа атгасан хэвээр гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Ким Ё Жон Пхеньяны АНУ болон Өмнөд Солонгос руу чиглэсэн улс төрийн бодлогыг хариуцах бөгөөд ингэснээр тэрбээр Хойд Солонгосын хоёр дахь нөлөө бүхий хүн болж байна гэж ВВС дурджээ.

Кимийн гэр бүл 1948 оноос хойш Хойд Солонгосыг удирдаж байгаа бөгөөд сүүлийн үед ахтайгаа хамт байгаа зураг нь ихээр харагдах болсон. Ким Ё Жон 1987 онд төрсөн. Ах Ким Жон Унтай цуг Швейцарьт суралцаж байсан. Хойд Солонгос буцаж ирээд Ким Ир Сений нэрэмжит цэргийн сургууль, Ким Ир Сений их сургуульд компьютерийн шинжлэх ухаанд суралцсан байна. 2018 онд тэрбээр Өмнөд Солонгост айлчлал хийснээр дэлхий нийтийн хэвлэлийн анхааралд өртсөн юм. Хойд Солонгосын төрийн дээд албан тушаалтнуудаас Ким Ё Жон анх Сөүл рүү хөл тавьсан улс төрч болсон юм. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Уныг хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэдэг.

Эх сурвалж: ВВС