Элчин сайд Майкл С. Клечески талархал илэрхийлж, амжилт хүслээ

Улаанбаатар хотын худалдааны танхим, CEO клубын  хамт олон эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчинг сайжруулж, зах зээлээ тэлж, харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзалт хийж багаа билээ. Энэ удаа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон удирдах ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтад АНУ-ын талаас АНУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С. Клечески, ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Андреа Гүүдмэн, Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Эдийн засаг, худалдааны албаны дарга Бенжамин А.Ле Рой нар хүрэлцэн ирэв.

Монголын талаас  Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, “М-Си-Эс” группийн Дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин, “Делойт” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний, УБХТ-ын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, УБХТ-ын гишүүн, Хас  банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, “Рио Тинто”компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниел Воралл, дэд захирал Х.Амаржаргал, Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин, СЕО клубын Ерөнхийлөгч В. Ганзориг,  “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Н.Энхболд нар оролцлоо.

Монгол Улс, АНУ  нь 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож, АНУ Улаанбаатар хотноо ЭСЯ-аа 1988 онд, Монгол Улс Вашингтон хотноо ЭСЯ-аа 1989 онд нээснээс хойш өргөжин тэлж, олон талд хамтран ажиллах гарц нээгдсэн юм. Хоёр улсын хооронд хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичиг зурагдсан бөгөөд 2019 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ Монголыг дэлхийд таниулдаг бүтээгдэхүүний нэг ноолуур, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг улам нэмэгдүүлж өгсөн юм.

АНУ-ын Конгрессын танхимаар Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр нэмэгдэх боломж нээгдсэн юм. Энэ том боломжийн талаар уулзалтад оролцсон хүмүүс харилцан санал солилцож, үйл ажиллагаагаа өргөтгөх талаар ярилцав. Дэлхий нийтэд тархаад буй COVID19 вирусийн халдвар хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжихэд саад учруулж байгаа ч хэрхэн үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэх талаар санал солилцов.

Улаанбаатар хотын худалдааны танхим, CEO клуб АНУ-ын ЭСЯ болон Эдийн засаг худалдааны албатай цаашид нягт хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааг харилцан ашигтай байлгах талаар санал солилцож, уулзалт зохион байгуулсанд АНУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С. Клечески талархал илэрхийлж амжилт хүслээ.