2020 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо

УИХ-ын дэд дарга Г.Аюурсайханы гаргасан шийдвэрийн улмаас 2020 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцүүлэх хоёрдугаар хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо.


Тодруулбал, 2020 оны 08 сарын 17-ны өдөр УИХ-ын дэд дарга Г.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд орох эрхийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур долоо хоногоор хязгаарласан.

Тэгвэл энэ шийдвэрээс болж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хугацаа мөн долоо хоногоор хойшилж байна.

Учир нь:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд “Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг” – ийн асуудлыг зохицуулсан байдаг. Энд зааснаар Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэх юм байна (70.1 дэх заалт).

Харин Б.Пүрэвдорж гишүүн нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан гэх учир энэ дэд хороо хуралдах, шийдвэр гаргах боломжгүй болжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.3-т зааснаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь хууль тогтоомжид заасан эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын асуудлаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааныг хийхгүйгээр, тус дэд хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэхгүйгээр төсвийн тодотголыг хэлэлцэх боломжгүй.

Мөн хуульд зааснаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс сонгоно гэж хуульчилсны дагуу Б.Пүрэвдорж нь тус дэд хорооны дарга болсон бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдсан тул энэ хороо даргалагчгүйгээр хуралдах боломжгүй юм.

Энэ тухай 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн “горимын санал” гарган тайлбарласан бөгөөд түүний уг саналд Г.Аюурсайхан “Тийм учраас бид тэр асуудлыг чинь хэлэлцэх асуудлаас хойшлуулчихсан. Хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх асуудлыг ярьж байгаа. Бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэх дээр таны хэлсэн саяын шаардлага тавигдахгүй байгаа.” гэж хариу тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, тодотгол оруулах гэж байгаа Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг хийх асуудлаа өөрийн хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас хойшлуулсан хэр нь тухайн асуудлыг дагалдуулж оруулж буй асуудлаа хэлэлцэх гэнэ. Суурь, үндэс болсон асуудлыг нь хэлэлцэхгүй хойшлуулчихаад, түүний салаа мөчир болсон асуудлуудыг хэлэлцэх нь хэр логик уялдаа холбоотой байх юм бол доо гэдэг тун эргэлзээтэй.

Аль сонгуулийн өмнө л “тодотгол хийгээд өгөөч ээ” гэж олон эдийн засагчид, судлаачид шаардаж, зөвлөж байв. Гэтэл энэ нь УИХ-ын дэд дарга Г.Аюурсайханы бодлогогүй, хамгийн гол нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур гаргасан шийдвэрээс болж бас дахин 7 хоногоор хойшиллоо. Үр дүнд нь бид 2020 оны төсвийн тодотголоо энэ оны III улиралд багтааж чадах эсэх нь эргэлзээтэй болж, улам л цаг хугацаа алдаж байна.

УИХ-ын гишүүний УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох, УИХ-ын үйл ажиллагаанд эрхийг хасна гэдэг энэ мэт сөрөг үр дагавар дагуулах нь гарцаагүй. Тийм ч учраас УИХ-ын гишүүний үг хэлэх, танхимд байх, хуралдаанд оролцох эрхийг ямар нөхцөлд, ямар хүрээнд, ямар хугацаагаар хязгаарлаж болохыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нарийвчлан зохицуулсан байна.

Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гаргасан шийдвэр нь иргэдийн төлөөллөөрөө дамжуулан төрийн байгууллагын үйл хэрэгт оролцох эрх, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчөөд зогсохгүй цаг үеийн нэн чухал шаардлагатай үйл ажиллагаа удааж, хойшлуулсан сөрөг үр дагавар үүсгэж байна.