Б.Ганчимэг: Өөрийгөө сорих тусам сайн үр дүнд хүрнэ гэж би хэлэх дуртай

The Glass сэтгүүлд нийтлэгдсэн жүжигчин Б.Ганчимэгийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Жүжигчин Баярсайханы Ганчимэг Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутсигийн Нобелийн шагналт  1980 оны романаас сэдэвлэсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрд тоглосон гэдгээрээ олонд алдаршаад буй. Тэрээр энэхүү кинонд Жонни Дэп, Роберт Патинсон, Марк Райленс нартай хамтран тоглосон. Уг киногоороо 2019 оны Венецийн кино наадамд оролцсон Ганчимэг олноо гайхалтай дүрээрээ танигдаж, хуран цугласан олны харцыг булааж байлаа. 

Мөн тэрээр Ex-Machina (2014), Ben-Hur (2016), Wonder Woman (2017), Peaky Blinders зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн нь түүний карьерын эхлэл байжээ. 

“ЭНЭ ДҮР НАМАЙГ БҮХИЙ Л ТАЛААР СОРЬЖ ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ МИНЬ ӨСГӨСӨН”

- Монголд өнгөрөөсөн бага насны чинь талаар яриагаа эхэлье. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? 
- Би зуны амралтаа хөдөө эмээгийндээ өнгөрүүлдэг байсан. Эмээ минь нүүдэлчин ардын нэг бөгөөд бид монгол гэрт амьдарч, би түүнд мал хариулахад нь тусалдаг байлаа. Монголчуудын хувьд байгаль дэлхий нь маш чухал зүйлд тооцогддог учир бага байхаас минь л бидэнд байгалиа хүндэлж хайрлахыг заадаг байсан нь өнөөг  хүртэл амьдралынхаа турш хэрэгжүүлсээр байна.  

Жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдэх үед дотор минь гэнэт гэрэл асах мэт сэтгэл хангалуун байдлыг мэдэрч билээ

Эмээгийн минь байнга хэлдэг нэг гоё үг бий. Тэр бол “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Унасан бол босоод хувцсаа гөвөөд цааш яв” гэх захиасыг би өдгөө ажил амьдралдаа баримталж явна.  Энэ үгний "Аливаа алдаа хүнийг илүү хурцалж, хөгжүүлж байдаг" гэсэн далд утга нь надад таалагддаг. 

- Жүжигчин болохоосоо өмнө модел байсан гэсэн. Модел болсон түхээсээ хуваалцвал? 
- Би Лондон хот руу скаутад явж байсан ба тухайн үед яг зөв цагтаа зөв газраа байсан гэж боддог юм. 

- Та жүжигчин болохыг багаасаа хүсдэг байв уу эсвэл загвар өмсөгч байхдаа бодлоо өөрчилж жүжигчин болов уу?
- Би багадаа түүхэн ном уншиж кино үзэх их дуртай байсан. Үзэж байсан кино маань хэдий дуусан ч би киноны үргэлжлэлийг толгойдоо ургуулан бодож, зохиолыг нь төсөөллөөрөө үргэлжлүүлдэг байлаа. Сүүлд загвар өмсөгч байхдаа би сурталчилгаа, дууны клип гээд жүжиглэх ур чадвар шаардсан зураг авалтуудад өөрийгөө сорьдог байлаа. Ингэснээр би өөрийн тухтай, нэгэн хэвийн байдлаасаа гарч жүжиглэх чадварт өөрийгөө сорих эхлэлийг тавьсан.

Кино драмын чиглэлээр сурч байхдаа хэд хэдэн кинонд тоглосны нэг нь Ex Machine бөгөөд энэ нь суралцаж байх хугацаандаа чадвараа ахиулах нэг боломж болсон. 

Тиймээс жүжигчин болохын тулд өөрийгөө байж болох бүхий л талаар бэлтгэхэд, удалгүй “Энэ л миний хийх ёстой зүйл юм байна” гэдгийг олж мэдсэн. Нэг үгээр жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдэх үед дотор минь гэнэт гэрэл асах мэт сэтгэл хангалуун байдлыг мэдэрч билээ. Тиймээс кино драмын чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд сурч байхдаа хэд хэдэн кинонд тоглосны нэг нь Ex Machine бөгөөд энэ нь суралцаж байх хугацаандаа чадвараа ахиулах нэг боломж болсон. 

- Загвар өмсөгчийн мэргэжлээс жүжигчний мэргэжил рүү шилжихэд шаардлагатай чадварууд ч мөн өөрчлөгдөх үү? 
- Энэ хоёр мэргэжлийн хооронд хөрвөхөд өөрчлөгдөх хэд хэдэн чадвар бий. Загвар өмсөх, жүжиглэхэд аль алинд нь өөр хүнийн дүрд хувирах шаардлагатай болно. Хоёуланд нь тухайн дүрийнхээ төрхийг камерийн өмнө илтгэх нь мэдээж нийтлэг зүйл. Мөн зохиолч, найруулагч, дизайнерийн юу хүсэж байгааг гаргахын тулд тэдэнтэй хамтарч ажиллана. Өөрийн моделийн туршлагаас харахад зураг авалтын үед өнцгөө сайн мэдрэх шаардлагатай болдог.

Камерийн өмнө ичнэ гэдгийг мартаж, чамайг тойрон зогсох чадварлаг баг хамт олон, зураг авалтын нүсэр тоног төхөөрөмжөөс сүрдэхгүй байх нь магадгүй жүжиглэх чадварын суурь тавигдаж байж болох юм. Түүнчлэн олон цаг үргэлжлэх зураг авалтыг тэсвэрлэх уян хатан чадвартай, зураг авах бүрт найруулагчийн хүргэх гэсэн санааг илэрхийлэхдээ тууштай байх нь чухал. 

- Таны инстаграм хуудсыг хараад байхад, ихэвчлэн загварийн постууд харагддаг. Та загварын ертөнцийг хувь хүнийхээ хувьд сонирхсон хэвээр байна уу. Мөн загварыг өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болгон ашигладаг уу?
- Би 5, 6 настай байхдаа барбинууддаа хувцас оёдог байсан маань намайг өсвөрийн загвар зохион бүтээгч гэх тэмцээнд түрүүлэхэд тус болсон. Тиймдээ ч загвар бол намайг илэрхийлэх нэг зүйл гэхэд болно. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг дээ.

Зураг авалт эхлэхэд тэднийг жүжигчин гэдгийг мартаж өмнө минь байх тухайн дүрд нь төвлөрч эхэлдэг. 

“Intelligence” киноны Тува Олсенийн дүрд орж, түүний мөн чанарыг илэрхийлэхэд загвар надад хэрхэн тус болсныг харж болохоор юм. Түүний стиль, бүтээлч байдал, зан чанарын онцлог нь надад гайхалтай туршлага болж үлдсэн. Цуврал цааш үргэлжлэхийн хэрээр түүний янз бүрийн холимог загваруудыг харах улам сонирхолтой санагдаж байлаа. Яг үнэндээ би ямар ч дүрд тоглосон тухайн дүрийн загвар, стиль имиж нь миний дүр бүтээх үйл явцын салшгүй нэг хэсэг болдог. 

 “ЭНЭХҮҮ КИНОНД ТОГЛОХОД ЭМЭЭТЭЙГЭЭ ӨНГӨРҮҮЛСЭН БАГА НАС МИНЬ САНААНД ОРСОН”

- Зэрлэгүүдийг хүлээхүй кинонд та Холливүүдийн нэрт жүжигчидтэй хамтран тоглосон. Карьерийнхаа эхэн үед эдгээр жүжигчидтэй хамтарч ажиллах ямар байв? 
- Миний хэсэг ихэвчлэн жүжигчин Марк Райланстай хамтран тоглох байсан. Харин жүжигчин Жонни Дэпптэй нэг хэсэгт хамтран тоглосон. Алдартай хоёр жүжигчинтэй хамтран ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зураг авалт эхлэхэд тэднийг жүжигчин гэдгийг мартаж өмнө минь байх тухайн дүрд нь төвлөрч эхэлдэг.  Би тухайн эмэгтэйн дотоод ертөнцөд гүн гүнзгий орсноор тэр намайг үнэхээр гайхашруулахын сацуу би өөрөө түүнээс маш олон зүйлийг сурсан. 

Тэрээр жүжигчин Марк Райланс,  Жонни Дэпп нарын хамт

Тэрээр жүжигчин Марк Райланс, Жонни Дэпп нарын хамт

Зураг авалтын үеэр Марк надад урам өгч, үргэлж дэмжин тусалдаг байсан. Тэр төлөв төвшин, ажилдаа маш ёс зүйтэй хандаж байсан нь ирээдүйд дахин хамтарч ажиллах хүслийг минь төрүүлсөн. Би түүнд монгол хэл заана гэж огтхон ч төсөөлөөгүй байтал тэр маш хурдан сурсан шүү. Гэхдээ монгол хэл сурахад багагүй төвөгтэй гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. 

“Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд гол дүрийн эмэгтэй дүрийг бүтээнэ гэдэг өнөөдрийн хувьд мэдээж миний өнөөгийн оргил үе юм. 

- “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд та багагүй чадвар шаардсан дүрийг бүтээсэн. Тухайн дүрийн хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв? Хувь хүнтэй тань хэр төстэй дүр байсан бэ?  
- Энэ дүр намайг бүхий л талаар минь сорьж жүжигчний чадварыг минь өсгөж байсанд маш их баяртай байгаа. Чадвараа өсгөх том боломж гэж боддог учраас  би хэцүү дүрийг бүтээх дуртай. Тухайн эмэгтэйг чухам хэн болох, мөн чанарыг нь танихын тулд би олон талаас нь судалсан. Ж.М.Кутсигийн зохиол нь надад дүрийн бие бялдар, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх арга барил дээр ажиллах суурь болсон төдийгүй нүүдэлчин соёлтой минь холбогдож байлаа. 

Энэ нь миний хувьд үнэхээр эрч хүчээр дүүрэн туршлага болсон тул намайг байгальтайгаа дахин холбогдоход хүргэхээс гадна эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насанд минь аваачих шиг санагдсан. Тэрээр миний дүрийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн тул би үүнийг түүний төлөө хийсэн. 

“ЦААШИД БИ ОЛОН ТӨРЛИЙН ДҮР БҮТЭЭЖ, ӨӨРИЙГӨӨ СОРИХЫГ ХҮСЧ БАЙНА”

- Та драм төрлийн кинонууд болон "Intelligence" гэх мэт инээдмийн кинонд тоглосон. Харин одоо өөр төрлийн кинонд чадвараа сорих талаар бодож байна уу? 
- Би өөрийгөө инээдмийн дүрд тоглоно гэж бодож байгаагүй ч дотны найзууд маань намайг “байгалаасаа” инээдтэй хүн учраас энэ төрөлд илүү их хичээ хэмээн зөвлөдөг. Гэхдээ одоо бол би инээдмийн кинонд тоглоод үзчихсэн, цаашдаа өөр олон төрлийн дүрд тоглох нь чухал гэж боддог. Илүү олон төрлийн, олон дүрд хувирч чадвараа нэмэгдүүлбэл мэдээж баярлана.  

- Монгол жүжигчин Веницийн кино фестивалд олны анхаарлын төвд байж, тэр том дэлгэцээр өөрийгөө харлаа шүү дээ. Таны ажил мэргэжлийн хамгийн хэцүү болон хамгийн бахархам зүйл нь юу вэ? 
- “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд гол дүрийн эмэгтэй дүрийг бүтээнэ гэдэг өнөөдрийн хувьд мэдээж миний өнөөгийн оргил үе юм. Киноны продюсер Майкл Фицжералд энэхүү киног бүтээхээр 25 жилийн хүлээсэн бөгөөд Нобелийн шагналт зохиолч Ж.М. Кутси намайг энэхүү дүрд сонгосон. 



Жүжигчин Дэвид Швиммертэй “Intelligence” кинонд хамтран ажиллах үеэр гайхалтай туршлага хуримтлуулсан ба түүний инээдмийн төрлийн ур чадварт талархаад баршгүй. Нөгөөтэйгүүр, ажил хоорондын завсар амраад авах амсхийх ч зав хомс байна гэдэг эргэлзээгүй бэрхшээлтэй зүйл. 

Кино урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн “өнгө будгийг” нэмж байгаа  хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг хүмүүсээр би хэзээд бахархаж, цаашдаа ч олон зүйл дээр хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. 

- Танд тоглохыг хүсдэг дүр бий юу?  
- Би ер нь олон төрлийн дүрүүдэд тоглохыг үнэхээр их хүсч байна. Одоогоор, “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны эмэгтэйн дүр, “Intelligence” киноны хакерчины дүр, “Peaky blinders” киноны багтай алуурчны дүрд тоглоод байна. Ирээдүйд, шинжлэх ухааны, уран зөгнөлт, үйл явдлаар дүүрэн кинонд тоглох хүсэлтэй байна.  Өөрийгөө сорих тусам сайн үр дүнд хүрнэ гэж би хэлэх дуртай. 

Тэр том дэлгэцээр гарахад үнэтэй хувьд нэмэр оруулсан, энэ бүх хугацаанд хамтарч ажилласан баг хамт олноороо бахархаж байна. Зураглаач Крис Менгэс ид шидийн мэт бүхий л зураг авалтаараа намайг гайхашруулж байлаа. Кино урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн “өнгө будгийг” нэмж байгаа  хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг хүмүүсээр би хэзээд бахархаж, цаашдаа ч олон зүйл дээр хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. 

Эх сурвалж: The Glass сэтгүүл

Жүжигчин Б.Ганчимэгийн 
Инстаграм: www.instagram.com/ganabayarsaikhan/
Фэйсбүүк:  www.facebook.com/OfficialGana.B