П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо. П.Одонбаатарыг наймдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилоод байсан бол өнөөдөр ТЕГ-ын даргаар томилжээ. 

Наймдугаар сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

П.Одонбаатар нь

  • 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
  • 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
  • 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
  • 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;
  • 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан гэж ТЕГ-аас мэдээллээ.