АНУ: XI сарын 1-н гэхэд CORONA19 вакцин бэлэн болно гэж үзэж байна

ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол сүүлийн 24 цагт дахин 5000 орчмоор нэмэгдэж, нэг сая давлаа. Харин БНСУ-д "COVID-19"-өөр өвчилсөн хүний тоо хоногт 267-оор нэмэгдэж, 20.4 мянга хүрсэн байна.

Энэтхэгт тархалт газар авсан хэвээр, халдварын тохиолдол 82.8 мянга буюу хамгийн өндөр хурдаар нэмэгдэж Бразилынхтай дөхөөд байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв 11 дүгээр сарын нэгэн гэхэд вакцин бэлэн болсон байх тул бэлтгэлтэй байхыг мужуудад санууллаа. Тус улсад халдварын шинэ тохиолдол хоногт 40.8 мянгаар нэмэгдэж, өндөр хэвээр байна.

Түүнчлэн Францад тархалтын эрч долоо хоногийн дүнгээр цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Мөн Испанид халдварын шинэ тохиолдол дөрвөн сарын дээд түвшинд хадгалагдсан хэвээр байна.

Их Британийн Засгийн газар хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлэн мөрдсөөр байхаар шийдвэрлэжээ. Мөн оношилгооны цар хүрээг өргөжүүлэхийн тулд 668 сая ам.доллар төсөвлөж байгаагаа зарласан байна.

Европын Халдварт өвчин судлалын төвөөс бүсийн хэмжээнд аль эрт эргэн нээсэн сургуулиудад шинэ төрлийн “коронавирус” огцом тархсан шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдсэн байна. Европт дийлэнх сургуулиуд энэ долоо хоногоос хичээллэж эхэлжээ. Гэхдээ зарим нь зургаадугаар сарын эцсээр хэсэгчлэн эргэн үйл ажиллагаанд орсон байна. Мөн Герман тэргүүтэй цөөн хэдэн оронд шинэ хичээлийн жил наймдугаар сард эхэлсэн юм.

Үүнээс гадна Австралийн Викториа мужид тархалт тогтворжсон талаар Эрүүл мэндийн яам нь мэдээллээ. Хэдий тийм боловч мужийн хэмжээнд онц байдлыг дахин зургаан сараар сунгажээ.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 26.1 сая, эндсэн 866 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 18.4 сая давжээ.

Н.Номин-Эрдэнэ www.bloombergtv.mn