COVID19- ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ

The Future of Global Economy Post COVID-19



ОУВС “Гадаад секторын тайлан”-гийн шинэ дугаарыг нийтэллээ. Дэлхийн эдийн засгийн 90%-ийг бүрдүүлдэг 30 улсын төлбөрийн тэнцэл, гадаад позицийг эмхэтгэн жилд 1 удаа нийтэлдэг тус тайланд дурдсанаар 2019 оны байдлаар дэлхийн нийт урсгал тэнцэл дэлхийн ДНБ-ий 2.9 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх оноос 0.2 нэгж хувиар багассан үзүүлэлт болов. ОУВС-гийн тооцооллоор дэлхийн улс орнуудын урсгал тэнцлийн алдагдал болон aшгийн 40 орчим хувь нь зохистой түвшнээс хазайсан буюу хэт алдагдал эсвэл хэт илүүдэлтэй байна. 2020 онд цар тахлын улмаас дэлхийн худалдааны эргэлт буурч, түүхий эдийн үнэ унан, гадаад санхүүжилтийн боломж хязгаарлагдмал болсон тул урсгал тэнцэл дэлхийн ДНБ-ий 0.3-тэй тэнцэх хэмжээгээр агших хүлээлттэй байна. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн үед урсгал тэнцлийн алдагдал зохистой түвшнээс өндөр орнуудад хүндрэл үүсгэж болзошгүйг ОУВС-гаас анхааруулж, төсвийн сахилга батыг хангаж өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг өрсөлдөх чадвартай болгох бүтцийн бодлогуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

▪ Deutsche Bank 8-р сарын 5-нд нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх улирлын төсөөллөөс 0.5-1.0 нэгж хувиар сайжруулж, 2020 онд 4.5 хувиар агших төсөөлөл боловсруулжээ. Голлох эдийн засгуудыг авч үзвэл АНУ-ын эдийн засаг энэ онд 5.2 хувиар, Евро бүсийн эдийн засаг 8.6 хувиар агших бол БНХАУ-ын эдийн засаг 1.6 хувиар өсөхөөр төсөөлсөн байна. Ази болон Европын зарим орнуудад цар тахлын нөхцөл байдал дээрдэж, төсвийн бодлого эдийн засагт дэмжлэг болж байгаа нь төсөөллийг сайжруулахад нөлөөлөв.

▪ Цар тахлын улмаас Евро бүсийн ажил эрхлэлт оны эхний хагаст 4.9 саяар буурчээ. Энэ нь өмнөх хямралаас хойш 12 саяар нэмэгдсэн ажлын байрны 40 гаруй хувийг алдсан гэсэн үг юм.

▪ Японы эдийн засаг 2020 оны 2-р улиралд өмнөх улирлаас 7.8 хувиар буюу жилд шилжүүлбэл 27.8 хувиар агшжээ. Үүнд цар тахлын улмаас хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч, гадаад эрэлт огцом буурснаар АНУ, Европ руу гаргах экспорт багассан нь голлон нөлөөлөв. 3 Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тойм Тухайлбал, хувийн хэрэглээ өмнөх улирлаас жилд шилжүүлсэн дүнгээр 28.9 хувиар, бизнесийн хөрөнгө оруулалт 5.8 хувиар тус тус буурсан бол цэвэр экспорт эдийн засгийн өсөлтөд 3 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлжээ. Японы эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд очиход 4 жилийн хугацаа шаардагдана гэж үзэж байна. 

▪ БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн эдийн засаг 2020 оны 1-р улиралд өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар, 2-р улиралд 9.0 хувиар агшжээ. Хонг Конгийн захиргаа хямралын эсрэг томоохон багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч оны эхний хагасын гүйцэтгэл төсөөллөөс доогуур байсан тул ЗГ-аас энэ оны эдийн засгийн өсөлт -6-аас -8 хувийн хооронд байхаар төсөөллөө бууруулав.

▪ АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ оны 9-р сард Инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна. ХНБ бүрэн ажил эрхлэлтийг хангах, үнийн түвшнийг тогтвортой байлгах төв банкны үндсэн зорилтдоо хэрхэн хүрэх стратегидаа анх удаа өөрчлөлт оруулж Конгрессоор батлуулах юм. Шинэ стратегийн дагуу ХНБ инфляцыг богино хугацаанд 2 хувиас давахыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, олон жил зорилтот түвшнээс доогуур хадгалагдаж буй инфляцыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогыг хэрэгжүүлнэ гэж зах зээл хүлээж байна. Хэрэгслийн хувьд ХНБ-ий хүү тэг түвшинд ойртсон тохиолдолд хасах хүүний бодлого хэрэгжүүлэхгүй, харин одоогийн бонд худалдан авах, хүүний ирээдүйн хандлагын талаар олон нийтэд мэдээлэх хэрэгслийг ашиглана гэж шинжээчид үзэж байна. 

▪ Английн Төв банкны Мөнгөний бодлогын хороо 8-р сарын 4-нд хуралдан, бодлогын хүүг 0.1 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Их Британийн эдийн засаг 2-р улиралд өмнөх улирлаас 20.4 хувиар буюу жилд шилжүүлбэл 60 хувиар буурчээ. Харин төлбөр тооцооны өндөр давтамжтай тоон мэдээллээс харахад 7-р сард өрхийн хэрэглээ оны эхнээс 10 орчим хувиар бага байгааг илтгэж байгаа бөгөөд цаашид хувийн хэрэглээ сэргэж, бизнесийн хөрөнгө оруулалт алгуур нэмэгдэн, ажилгүйдэл буурч, ажилгүйдлийн түвшин оны эцэст 7.5 хувьд хүрэх хүлээлттэй байна. ДНБ 2021 оны эцэст цар тахлын өмнөх түвшинд хүрэх хүлээлттэй бөгөөд инфляц ирэх 2 жилийн хугацаанд зорилтот 2 хувийн түвшинд очих төлөвтэй байна.