ЭМЯ Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийхээр боллоо

ЭМЯ Даваа, Лхагва, Баасан гаригт ээлжит мэдээллээ хийнэ

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Ирэх долоо хоногт ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон байна.

Ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 295 дахь хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Нэгдүгээр сараас хойш өдөр алгасалгүй хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан.

Бид коронавирусийн халдварын дэлхий дахины нөхцөл байдал, ДЭМБ-ын баримталж буй бодлого чиглэл, дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа болон санамж зөвлөгөө, манай орны нөхцөл байдал, ард иргэдийн анхаарах зөвлөгөө, дэлхийн эрдэмтэн судлаачдын судалгааны ололтын талаарх үнэн бодит мэдээллийг ард иргэддээ хүргэлээ.

Бидэнтэй хамтран ажилласан хэвлэл, мэдээллийнхэндээ баярлалаа. Сэтгүүлч та бүхний үнэн зөв мэдээллийн ачаар өнөөдрийг хүртэл Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цөөхөн орнуудын нэг болж байна. Ирэх долоо хоногоос Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн хурлыг Даваа, Лхагва, Баасан гаригт зохион байгуулж байхаар болсныг мэдэгдье" гэсэн юм.