Хэвлэлийн эрх чөлөөний лобби бүлэг

Хэвлэлийн эрх чөлөөний лобби бүлэг

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлч гишүүд болох “Үндэсний телевизийн” М.Оюунчимэг, “Ийглийн” Б.Жаргалмаа нартай хамтарч Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

Энэ төслийг баталбал “илт худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. Хамгийн гол нь, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэсэн тайлбартай.

Нэг үгээр хэлбэл өөрийнх нь ажлыг шүүмжлэхээр “гүтгэлээ” гэж иргэдээ цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээ улстөрчид болино. Харин албан ажилтай нь холбоогүйгээр ор хөнжил, гэр бүл, зүс царайтай нь холбож илт худал мэдээлэл тараагаад эхэлбэл цагдаад өгч болох нь ээ. Тэгээгүй тохиолдолд иргэний журмаар шүүхэд хандаад явах эрх нь нээлттэй байх юм.

Б.Энхбаяр гишүүн өмнөх парламентын үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан. Тэр үедээ Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “гүтгэх” гэмт хэрэгтэй холбоотойгоор дээрх тайлбарыг оруулсан боловч, санал авах шатанд тайлбарыг нь МСНЭ хасуулах санал гаргасан. Үүнийг нь сонгууль дөхсөн тул УИХ уухайн тас өлгөж аваад хуулийн төслөөс арилгасан юм. Эрүүгийн хууль дахь энэ тайлбар байсан бол иргэд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө цагдаагийн үүд сахихгүй байсан гэж ярьж байсан Б.Энхбаяр УИХ-ын гишүүн болсон даруйдаа парламентад сэтгүүлч гишүүдтэй хамтарч өргөн барьж байгаа анхны төсөл нь энэ юм.

Capture.JPG

Ээлжит бус чуулганы төгсгөлд УИХ-ын олон гишүүн боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр санаа нийлэн хамтрахаар болж, лобби бүлгүүд байгууллаа. УИХ дотроо, ялангуяа МАН-ын бүлэгтээ бодлогын нөлөөлөл үзүүлэхээр байгуулагдсан лобби бүлгүүдэд болдог бол дахиад нэгийг нэмчихмээр. Тэр нь Хэвлэлийн эрх чөлөөнийх. Тухайлбал, одоогийн УИХ-д хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан 10-аад УИХ-ын гишүүн бий. Тэд лобби хийдэггүй юм гэхэд хэвлэлийн эрх зүйн орчинг сайжруулахыг дэмжсэн товчлуур дарах нь гарцаагүй биз гэж найдна. Нэр дурдвал:

  • Л.Оюун-Эрдэнэ: МҮОНРТ-ийн Охид хөвгүүд, Цэг, цэг таслал, нэвтрүүлгийн хөтлөгч
  • Ц.Мөнхцэцэг: Өнөөдөр сонины олон улсын мэдээний орчуулагч, тоймч
  • Б.Баярсайхан: МҮОНРТ-ийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч, Амин медиа групп, Ийгл ТВ-ийн захирал, Пресс клубын тэргүүн.
  • Д.Сарангэрэл: Фото зурагчин, МҮОНРТ-д сурвалжлагч, редактор, ТВ-5 телевизийн захирал, МСНЭ-ийн ерөнхийлөгч.
  • Л.Энх-Амгалан: МОНЦАМЭ, Ил товчоо сонины сурвалжлагч, хэвлэлийн Интерпресс компанийн захирал, Монголын гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч.
  • Г.Мөнхцэцэг: Засгийн газрын мэдээ сонины сурвалжлагч, Зууны мэдээ сонины албаны дарга, Нью Майнд компанийн хэвлэл мэдээллийн ажилтан, захирал
  • П.Анужин: Монгол тулгатны зуун эрхэм, Монгал товчоон, 70-76 нэвтрүүлгийн хөтлөгч
  • Н.Учрал: Рояал ТВ, Рояал ФМ, Малчин ТВ-ийн эзэн. Монголын телевизүүдийн холбооны гишүүн.
  • М.Оюунчимэг: ММ агентлагийн сурвалжлагч, редактор, захирал. ЗГХЭГ-ын Хэвлэлийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
  • Б.Жаргалмаа: МҮОНРТ-ийн Харц нэвтрүүлгийн хөтлөгч, Ийгл ТВ-ийн сурвалжлагч редактор, захирал, анкор.

МАН УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулахаар тусгасан. Энэ нь Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт орсон.

С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад боловсруулж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед УИХ-д өргөн баригдах нь ээ. Энэ хуулийн төслөөр сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн байгууллага заавал редакцтай байх шалгуурыг тавихаас гадна хэвлэлийн өөрийн зохицуулалт, өөрөө удирдах байгууллага, үйлдвэрчний эвлэлийг хуульчилж байгаагаараа онцлогтой.

Маргаантай зүйлүүд бий. Тухайлбал, сэтгүүлчдийг аттестатчилах эрхийг зарим байгууллага хоорондоо булаацалдах, хууль батлагдсантай холбоотойгоор холбоод, зөвлөлийн Их хурлыг дахин хийж шинэчлэн байгуулъя гэхэд одоо байгаа нөхөд нь эсэргүүцдэг байх жишээтэй. Хэвлэл мэдээллийн ажилтнууд, эзэд, судлаачдыг хамруулсан томоохон хэлэлцүүлгээр оруулсны дараагаар УИХ-ын гишүүд идэвх зүтгэл гаргаж батлаасай билээ.

Эх сурвалж: Time.mn