ГХЯ: Айлчлалд оролцсон монгол иргэдийг айлчлал дууссаны дараа 14 хоног тусгаарлана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийх юм.

Цар тахлын үед айлчлал хийж буй учраас халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж ажиллах талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаас тодруулахад “Халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулна. Мөн гаднаас ирж байгаа зочдоос шинжилгээ авна. Шинжилгээний хариу 6-8 цагийн дотор гарна. Түүнчлэн ачаа тээшийг нь ариутгана. Айлчлалд дууссаны дараа айлчлалд оролцсон бүх хүнийг 14 хоног тусгаарлах болно” гэлээ.