Ван И сайдыг угтах сэдэв: ШХАБ болон ӨВӨРМОНГОЛЫН БИЧИГ ҮСЭГ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд айлчлах болсон талаар тус яамнаас мэдээллээ.

Өргөн хүрээнд авч үзвэл Ван И сайд есдүгээр сарын 10-16-нд ОХУ-д болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр болон дараа нь ОХУ, Монгол Улс, Казахстан, Кыргызстанд айлчлахаар төлөвлөжээ. Мөн ОХУ-д болох хуралдааны үеэр ОХУ, Энэтхэгийн ижил түвшний сайд нартай тусгайлан зоог барих юм.

ОХУ, Монгол Улс, Казахс­тан, Кыргызстанд айлчлахдаа эдгээр орны удирдагчидтай уулзаж, Гадаад хэргийн сайд нартай нь уламжлалт харилцаагаа бэхжүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн салбарт практик харилцаагаа гүнзгийрүүлэх, “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд өндөр үр дүнтэй хамтран ажиллах, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицзянь Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ хоёр тал, бүс нутаг, олон улсын хэмжээний асуудлыг ярилцахын зэрэгцээ “харилцан сонирхож буй асуудлуудаараа санал солилцох”-оор болжээ. Энэхүү уулзалт Улаанбаатарт ирэхийн өмнө болох бөгөөд харилцан сонирхсон асуудал дотор нь Монголын талаарх сэдэв багтах нь эргэлзээгүй. Учир нь хойд, урд хоёр хөрш уулзах бүртээ Монголын талаар ярилцдаг нь нууц биш.

Энэ ярианд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор, “амилж эхлээд” байгаа хийн хоолойн сэдэв, Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай багтаж таарах бөгөөд сайд Ван И Монголд ирэхдээ энэ талаар ам нээх нь гарцаагүй юм.

Албан ёсны яриа,хэлэлцээний зэрэгцээ “Ам нээвэл уушги нээ” гэдгээр манай дарга нар дипломат аргаар Хятадын компаниудын орхиод явсан гэх Дарханы зам, Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийн асуудал зэргийг хөндөж таарах биз. Монголчууд Элчин сайдын яамных нь гадаа монгол бичиг, соёлыг хамгаалахаар жагсаал цуглаан өрнүүлсэн учир өмнөд хөршийн сайд анхаарлаа үүнд хандуулчихсан л байгаа.

Өмнө нь Төвөд, Шинжаан-Уйгар, Тайваны асуудал хөндөгдөхөд өмнөд хөршийн зүгээс “Нэг хятад” бодлогоо тайлбарладаг, үүнийг нь ч Монголын тал дипломат ёсоор хүлээн зөвшөөрдөг нь зүй ёсны хэрэг байсан. “Нэг Хятад” бодлогыг Монгол Улс дэмждэг нь өнөөдөр ч хэвээрээ.

Харин Өвөрмонголын бичиг соёлын асуудал нь “Нэг Хятад” бодлогод ерөөсөө харшлахгүй,  БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож буй хэрэг огтоос биш, гагцхүү үндэс угсаа нэгтнүүдийнхээ хэл бичгийг хадгалан хамгаалах чиглэлээр хэлж ярьж байгаа, улс төрд огтоос хамааралгүй зүйл гэдгийг БНХАУ-ын сайд эрх биш ойлгож байгаа. Бичиг, соёлын асуудал нь Хятадын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг биш гэдгийг Монголын дарга нар ч дипломат арга зүйгээр эвийг нь олоод шийдмэгхэн тайлбарлачихна биз ээ.

Урьд нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд Далай ламаас үүдэлтэй зөрүүтэй үзэл хэдэнтээ гарч байсан. Далай лам Монголд  морилох хэрэгт хориг тогтоож, цөөн хоногоор хил хааж ч байсан. Гэвч Далай лам дээр буулт хийж болдог юм гэхэд монгол бичиг, соёлын асуудлыг үүнтэй адилтгаж огт болохгүй. Далай ламын асуудал бол зүгээр л шүтэх бишрэх эрхийн хэрэг. Далай лам нь Хятадын хувьд салан тусгаарлагч, хагалан бутаргагч, улс төрийн гэмтэн. Гэвч Монголчуудын хувьд Дээрхийн гэгээн, Бурхны шашны тэргүүн, өтөл насны өвгөд эмгэдэд бол “амилсан Будда”. Далай ламд мөргөсөнгүй гээд монгол хохирохгүй нь үнэн. Харин Өвөрмонголд  болж буй үйл явдал нь нийт монгол үндэстний хэл, бичгийн дархлааны хэрэг, хэзээ ч гээж үл болох нийт монголчуудын өв соёлын асуудал билээ.

Нөгөө нэг эмзэг сэдэв нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай юм. ОХУ, БНХАУ хоёулаа Монгол Улсыг ШХАБ-ын эгнээнд элсүүлэхийн төлөө олон жил санал нийлсээр ирсэн. Одоогоос хоёр жилийн өмнө, БНХАУ-ын Циндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсыг ШХАБ-д элсүүлнэ, элсүүлэхгүй гэсэн яриа улстөрчид, дипломатчид, судлаачдын дунд гарч, УИХ дээр гишүүд санал хуваагдан байж намжсан ч үүнийг хоёр хөрш орон мартаагүй байгаа. Нэгэнт ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөнд оролцоод, ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай ганцаарчилсан уулзалт хийгээд ирсэн хүн хойно Ван И сайд хөшигний ард энэ сэдвийг хөндөж л таарна.

Хэдэн төгрөгийн зээл тусламж, зам, гүүрийн асуудал бодож ШХАБ гэж яарахаа азнаж долоо хэмжиж нэг огтлохоо манай дарга нар эрх биш мэдэж байгаа гэж найдна.

Ямар ч гэсэн Ван И сайдыг угтах халуун сэдэв ШХАБ болон Өвөрмонголын бичиг үсэг байж таарах нь. Ажил нь гацсан Дарханы зам ч хамаатай. Айлчлалаас ямар үр дүн гарахыг одоо анхааралтай харах үлдлээ.

Эх сурвалж:zindaa.mn