Х.Баттулга: ӨМӨЗО-ны 25 иргэн Монгол Улсын иргэншил авах өргөдөл ирүүлснээс шийдсэн нь ес

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын ӨМӨЗО-ны 25 иргэний Монгол Улсын иргэншил авах өргөдөл ирүүлсэн бөгөөд одоогийн бадлаар үүний 9 нь шийдэгдсэн хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр эдгээр өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж буй юм. Энэ сарын 13-нд Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн “Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг. Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн Өвөр монголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ" гэж асуужээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг” гэж хэлжээ. 

Эх сурвалж: gogo.mn