Бодлогын хүүг бууруулснаар бизнесийг идэвхжүүлж, зээлийг эдийн засаг руу гаргах боломжтой

Энэ оны долдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 3.4 хувь, Улаанбаатарт 3.2 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм. Үнэ тогтвортой байна гэдэг нь иргэдэд ашигтай.

Эдийн засаг тогтвортой, үр ашигтай ажиллах суурь хөрс нь болдог. Учир нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлт бол худалдан авалт хийж буй хэрэглэгчид, мөнгөө хадгалуулж буй хадгаламж эзэмшигчид, эсвэл хөрөнгө оруулалт хийж буй бизнесийн байгууллагууд гээд хэн бүхэнд шууд нөлөөтэй. Харин үнэ тогтворгүй үед иргэдийн бодит орлого буурах, ядуурал нэмэгдэх, нийгэмд тэгш бус байдал даамжрах гэх мэт олон сөрөг тал бий болдог. Инфляцыг тогтвортой байлгахын тулд төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого ихээхэн чухал үүрэгтэй.

Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих бүхий л боломжуудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарах нь тээврийн салбарт, хөл хорио нь аялал жуулчлал, нийтийн хоол, зочид буудал, бусад үйлчилгээ болон худалдааны салбарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний цэвэр татварын орлого багасахаар байна.

Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж байгаагийн үндсэн шалтгаан нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж улмаар санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг бага байлгахад дэмжлэг болохыг зорьж байгаа юм.  АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагын олон нийтэд өгсөн мэдээлэлд маш тодорхой тайлбарлажээ. Бодлогын хүүг бууруулснаар вирусийн тархалтыг зогсоохгүй ч санхүүжилтийн өртөг зардлыг бууруулснаар эдийн засагт дэмжлэг үзүүлнэгэж мэдээлсэн.

Бодлогын хүү яагаад ийм чухал байдаг талаар тайлбарлая. Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулах нь бизнесийг идэвхжүүлж зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм.

Банкнууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхийн тулд төв банканд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог. Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 15,8 хувь байна. Түүнчлэн банкнууд дундажаар 10,5 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү буурсан нь банкнуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкнуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ нь зээлийн хүү буурах ихээхэн суурь нөхцөл болж байгаа юм. Төв банкны Мөнгөний бодлогын хороо нэгдэх өдөр хуралдана. Тэгэхээр энэ удаад ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт үах зээлд бий. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах орон зай байж болох юм.