Д.Пүрэвдаваа: Орон нутгийн сонгууль Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй

ИХ-ын сонгуульд дараалан ялагдсан Ардчилсан нам ирэх сарын 15-ны өдөр /2020.10.15/ болох Орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттайгаар оролцохоор бэлтгэж байгаа аж. Намын шинэчлэл, Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлт, тулгамдсан асуудлын гарц гаргалгааг танилцуулах нь Орон нутгийн сонгуульд оролцох тэдний тактик. 

Орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг удирдаж орох Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагаас сонгуулийн бэлтгэлийнх нь талаар асуулаа. Түүний ярилцлагыг хүргэж байна.




-ЭНЭ БАЙДЛААРАА БНХАУ-ЫН КОММУНИСТ НАМЫН
АРААС ОРОХООР БАЙНА-

-Нийт нэр дэвшигчийн 85-90 хувьд нь Ардчилсан нам гишүүдээ дэвшүүлсэн харагдана лээ-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд дэвших 45 нэр дэвшигчээ тодрууллаа. . Харин ШИНЭ нам таван гишүүн, МАХН найман гишүүнээ нэр дэвшүүлж байгаа юм байна. Энэ тоог яаж бодож, ямар үндэслэлээр гаргасан юм бэ? 

-НИТХ 23 тойрог, 45 мандаттай. 22 тойрог нь хоёр суудалтай, нэг тойрог л нэг мандаттай. Хорин хоёрыг үржих нь хоёр 44, нэмэх нь нэг нийт 45 болж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд Ардчиллын төлөөх нэгдэл байгуулан оролцож байна. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнгээр 10 хүн тутмын дөрөв нь МАН-ыг дэмжсэн бол зургаа нь дэмжээгүй.

МАН-аас бусад нь нэгдэж чадаагүйгээс болж тус, тусдаа олон намууд санал хуваасан. Энэ нь эрх баригч намд боломж болж МАН УИХ-д дахин 60 гаруй суудалтай болчихоод байна. Энэ нь мажоритар тогтолцооны сул тал. Уг тогтолцоо маш том намын сүлжээнд л хэрэгтэй. 1989, 1990 онд Ардчиллын замналд шилжихэд дэлхийн бүхий л орнууд коммунист намаа татан буулгаж шинээр намууд байгуулан өрсөлдсөн. Энэ бол хамгийн эрүүл үзэгдэл.

Гэтэл ганцхан Монголд МАХН буюу одоогийн МАН албан тушаал, эд хөрөнгө, байшин савтайгаа хэвээр үлдсэн байдаг юм. Мажоритар тогтолцоогоор гаршсан, өөрсдийнх нь намын бүтцэд нэмэр болохуйц ялалт авчирдаг сонгуулийн тогтолцоо, арга барилыг хэрэглэдэг. Гэтэл нөгөө талд нийт ард иргэдийн 60 хувийн санал авсан намуудын санал гээгддэг сул талтай байна шүү дээ. Энэ мажоритар системийн гажиг юм. Хэрвээ энэ хэвээр үргэлжлээд байвал БНХАУ-ын Коммунист намын араас орно. БНХАУ-д Коммунист намаас гадна бусад жижиг намууд үйл ажиллагаа явуулдаг. Гэвч Коммунист нам нь бүх зүйлд хүч түрэн ажилладаг. 

-Тиймээс та бүхэн уриалга гарган хамтрах шийдэлд хүрчээ? 

-МАН нэгэнт 62 гишүүнтэйгээр УИХ-д ажиллаж байна. Тэд үнэмлэхүй олонхийг бий болгосон. Өөрсдөдөө тааруулж хууль баталж байна. Тиймээс тэдний мэхнийх нь эсрэг бид нэгдэж байж л буулгаж авахгүй бол хэзээ  ч дийлэхгүй юм байна. Нийслэлийн  сонгуулийн хороонд 17 нам, 67 бие даагч бүртгүүлсэн. Бид хүн тус бүртэй нь уулзаж, учирлаж "Бүгдээрээ тархай, бутархай орвол ялахгүй. Албан тушаал, эд хөрөнгөтэй, улсын мөнгөөр сонгууль хийдэг нөхдүүдийн эсрэг бид тус, тусдаа өрсөлдвөл дийлэхгүй" гэж хэлсэн. 

Энэ нэгдлийг хүлээн зөвшөөрсөн нь ШИНЭ, МАХН болж хамтарч ажилласан. Гэр хорооллын нам болон Иргэний зориг ногоон нам гишүүнээ нэр дэвшүүлээгүй. Харин бие даагч 67 хүнээс Т.Ганболдын ахалж буй 23 нь "Бид нар мөн энэ хууль бус сонгуульд оролцохгүй. Та бүхнийг дэмжиж байна" гэсэн. 

-МАН ба бусад гэж хуваагдаж байгаа юм байна гэж ойлголоо? 

-Тийм. ХҮН-ын учрыг сайн ойлгоогүй. Дотроо маргаантай цэгцэд ороогүй хүмүүс бидэнтэй нэгдэл байгуулах боломжгүй юм шиг байна. Улаанбаатар хотоос 23 тойргоос 24 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын сонгуулийн дүнгээр буюу санал тоолох машинаас гарч  ирсэн билүүдийг шивээд тоон анализ хийж "Яавал бид ялах бололцоотой юм" гэдэг тооцоолол хийсэн. 

Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан


УИХ-ын сонгуулиас гарсан дүнг нийслэлийн тойрогт хувиргаж тактикаа боловсруулсан. Энэ дагуу 23 тойрогт ялалт байгуулж болох тухайн хороо дүүрэгтээ танигдсан, ажилласан, хотоо гэх сэтгэлтэй, боловсролтой нэр дэвшигчдийг олох ажил руу гаа орсон. Ингээд 23 тойрогтоо хамгийн шилдэг болох хүмүүсээ санал болгосон. Тэр нам хэдэн хүн дэвшүүлнэ гэсэн квот тогтоогоогүй. Зөвхөн ялахаар хүмүүсээ л дэвшүүлсэн. МАХН-ын гишүүн Ардчилсан намын гишүүнийг давж ялахаар бол бид нэрээ татсан. 

Ингээд ялах тойрогт хэнийг дэвшүүлбэл зохистой юм бэ гэдэг асуултад хариулт ирсэн. Түүнээс тэр намаас хэдэн хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг тоонд анхаараагүй. Судалгаа хийхэд МАХН найман тойрог дээр ялалт байгуулах асар өндөр магадлалтай байсан. ШИНЭ намаас таван гишүүн нь ялах магадлал өндөр байна. Харин үлдсэн 32 тойрогт Ардчилсан намаас ялах магадлалтай байна гэдэг тооцооллыг гаргасны дараа 45 нэр дэвшигчээ тодруулсан. 

-ХАВТГАЙ ХАЛАМЖ ТАРААЖ МОНГОЛЧУУДЫГ ӨРСӨЛДӨХ
ЧАДВАРГҮЙ БОЛГОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ-

-Танай намын зарим залуу гишүүн "Ардчилсан намыг доромжлоод явсан ШИНЭ намыг гуйж сонгуульд орох хүртлээ доройтоо юу. Яаж харахаараа МАХН-ыг Ардчилсан үзэлтэй гэж байгаа юм" гэх мэтээр шүүмжилж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ? 

-ШИНЭ нам нь баруун төвийн үзэл, баримтлалтай. Ардчилсан намтай үзэл баримтлалын хувьд төстэй учраас гишүүд нь асуудалгүйгээр намынхаа бүртгэлээс түр түдгэлзсэн. Ингээд Ардчилсан намын гишүүнчлэлээ хүлээж аваад манай намын нэрийн өмнөөс нэр дэвшсэн. МАХН-ын хувьд найман гишүүнээ нэр дэвшүүлсэн. Тухайн тойрогт нь Ардчилсан нам хүнээ нэр дэвшүүлээгүй. 

Өнөөдөр эрх барьж буй МАН өөрсдийгөө ардчилалтай гэж л ярьж байна шүү дээ. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар Монгол улсад олон намын тогтолцоотой байна гэж зарласан. Хүний эрхийг дээдлэх, өмчтэй байж болох Ардчилсан Үндсэн хуультай орон шүү дээ. Монгол улсын бүхий л намууд Ардчиллын аль нэг хэлбэрийг тодруулж явж буй болохоос Хойд Солонгос шиг коммунист нам гэж харж болохгүй юм.  Зүүн чиглэлийн, социал демократ нам гэх мэтээр ялгардаг. Нийгмийг өөр өнцгөөс хардаг нам бол МАХН мөнөөс мөн. Харин Ардчилсан биш гэж ойлгож болохгүй. Хамгийн чухал нь иргэдийн санал гээгддэггүй л байх ёстой юм. Иргэдийн хувьд өөрсдийн татварын мөнгөөр санхүүжүүлэн байж нэг улс төрийн хүчнээр улсаа, хотоо удирдуулмааргүй байна гэдэг сонголттой байхад 44 хувийн санал авсан эрх баригч нам үлдсэн 56 хувиа ялаад буйд бүх учир байна. Үүний эсрэг нэгдэж байна.

Эрх барьж буйгаараа түрий барьж мажоритар тогтолцоо гэх тоног, төхөөрөмжөөр үе залгамжилсан засаглалыг тогтоох гээд байна. Бас бид нарын мөнгөөр сонгууль хийдэг. 

-УИХ-ын сонгуулиар иргэдийн саналыг авахдаа нийгмийн халамжийг ашигласан гэж та хэлж байна уу? 

- Тийм. Хүн бүрийн данс руу мөнгө хийгээд л "Ажил хийх хэрэггүй" гэж уриалж өрсөлдөх чадварыг бууруулж байна. Хятадууд "Та нар мундаг. Юу ч хийх шаардлагагүй" гэж манжуудыг уусгаж алга болгосон шиг Монгол улсыг өрсөлдөх чадваргүй болгож буй нь мажоритар тогтолцооны гажуудал. Мөн зүүний чиглэлийн нам хавтгай халамж тарааж төрийн мөнгөөр сонгууль хийж буй хэлбэр. "Ажил хийх хэрэггүй, хоолны, түлшний талон ав. Цахилгааныг үнэгүй болгоод өгье" гээд л дансанд нь мөнгө хийж өгч байна. 

Энэ буруу бодлого. 

-Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа Ерөнхийлөгчөөс хэр хараат бус байж чадсан бэ? 

-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн нийслэлийн намын дарга болчихлоор тэгэж хардаад байгаа юм. Түүнээс Ерөнхийлөгчид нийслэлийн сонгууль ямар ч хамаагүй.  Хэн нэг хүн өөрөөрөө сайн явж болохгүй шүүмжлэлт нийгэм болсон байна шүү дээ. Бизнес хийгээд амжилт олонгуут "Түүнийхээ буянаар эсвэл баян хүнтэй суугаад баяжчихлаа" гэх мэт дандаа буруу, эсрэгээр ярьж явдаг.

Ялагдсан улс төрийн хүчний хотын намын даргын үүрэг гүйцэтгэгч болж буй Д.Пүрэвдаваад Ерөнхийлөгч санаа зовоод байх зүйлгүй. 

Мөн өнгөрсөн НИТХ-ын сонгуульд нийслэлийн гуравхан дүүрэг буюу Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам ялсан. Үлдсэн зургаан дүүрэгт МАН ялсан. Хамгийн удаан намын хорооны даргаар ажилласан хүн би. Намын гишүүдийг таньдаг, сонгууль зохион байгуулах туршлагатай гэж үзээд Орон нутгийн сонгуулийг зохион байгуул гэдэг үүргийг 200 гаруй гишүүн маань өгч байхад би үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Энд Монгол улсын Ерөнхийлөгчийг хамаатуулах гэж буй нь утгагүй  юм. 

-Танай намын орон нутгийн сонгуульд оролцох тактик юу байх вэ? 

-Зөв, шийдэл гарцыг иргэдэд санал болгоно. Иргэд өөрсдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй болж, бүтэхгүй асуудлыг эрс шинэчлэхийг хүсч буй бол Ардчилсан намыг сонгоорой гэж уриалмаар байна. 

-Орон нутгийн сонгуульд барьж орох танай намын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч. Тухайлбал, нийтийн тээврийг үнэгүй болгоно гэсэн. Яаж? 

-Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр мөрийн хөтөлбөрөө нийтэд ойлгомжтой сурталчлах хуулийн заалттай. Тиймээс би тоймлож хэлье. Иргэндээ ээлтэй Улаанбаатар хотыг цогцлооё гэдэг л мөрийн хөтөлбөрийг бид боловсруулсан. 

НЭГДҮГЭЭРТ, Ээлтэй гэж буй нь өгөөжтэй, иргэнээ бухимдуулдаггүй, ил тод хотын захиргааг бий болгохын тулд хичээнэ. Үүний тулд мэдээллийн технологийг маш сайн ашиглах ёстой. Энэ нь хүнд суртал, авилгал, төвлөрлийг үгүй болгодог хамгийн зөв шийдэл. 

ХОЁРДУГААРТ, Иргэдийн аюулгүй байдал, орлогод онцгой анхаарах ёстой. Өнөөдөр баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн. Сар бүрийн зарлага нь орлогоосоо давдаг. Тогтмол хасах баланстай гардаг учраас өргүй монгол хүн үгүй байна. Цалингийн зээл, байрны зээл, тэтгэврийн зээл гэх мэт. Хөөрхий хөгшчүүл маань хүртэл Цагаан сарын баяраа хийхийн тулд зээл авч байна. Эдгээр хүмүүсийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд хичээж ажиллах ёстой юм.

Дарга нарт зориулж Зайсанд хэдэн тэрбум төгрөгөөр зам тавихын оронд гэр хороолол дахь өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. 

Хотын 60-70 хувийг үйлчилгээний байгууллагууд эзэлдэг. Тэгэхээр цар тахлын энэ хүнд үед аж, ахуй нэгж, үйлчилгээ эрхлэгчдээ хэрхэн дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулж, орлогыг тогтворжуулахын төлөө ажиллах ёстой гэдгээ тодорхой болгох ёстой. Жишээ хэлэхэд, нэг компани үйл ажиллагаа явуулдаг байлаа гэж бодьё. Тус компанийн байрлал болон захирал нь солигдоогүйг бид өөрсдийн мэдээллийн баазаас хараад мэдчихэж болно. Гэтэл тэр компанийн захирал жил бүр бичиг баримтаа сунгуулах гээд л бөөн хүнд сурталтай нүүр тулдаг. Энэ мэт төрд гажиг зүйлүүд их байна. Тийм биз дээ. Үүнийг цахимжуулах ёстой. 

Дахин нэг жишээ хэлэхэд, хөл, гар тулах эрхтэний бэрхшээлтэй хүнээр жил бүр бичиг, баримт бүрдүүлүүлж байна. Тэр хүнийг дугаарлуулж, хуралд оруулж үйлийг нь үздэг. Тэр хүн нэгэнтээ гартай, хөлтэй болохгүй шүү дээ. Тийм байхад яагаад тэр хүнийг жил бүр зовоож, хүнд сурталтай нүүр тулгадаг юм бэ. 

Авилгал, газрын маргаан битүү. Орон сууцанд амьдардаг хүмүүс зуслантай болох хүсэлтэй. Ингээд хотыг тойрсон хэдэн ам дүүрчихсэн. Гэтэл Монголд газраас их зүйлгүй байна шүү дээ. 

Урагшаа Багахангай, Багануур, Майдар хот гэх мэт Төв аймгийн зарим сумдад замыг нь тавьж, тогыг нь залгаж өгвөл зусланг байгуулж болно шүү дээ. Тэнд газар байна. Тэгэхгүй бол зуслан гэхээр л хойшоо хэдэн уулын амыг нэрлээд байгаа юм. Эрэлт, нийлүүлтийн зарчмаар аливаа зүйл хязгаарлагдмал байвал авилгал л авна шүү дээ. Тэгэхээр тэнд газар авахын тулд авилгал өгч байна. Авилгалаа нэмэгдүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг онцгойлон бий болгодог улс төрийн хүчин төрд гарчихаад байна. Мөн би нийтийн тээврийг үнэгүй болгох сонголт бий шүү гэж хэлсэн. 

-АВТО ЗОГСООЛЫНХОО ҮНИЙГ НЭМЖ, АВТОБУСАА ҮНЭГҮЙ БОЛГО-

-Нэг өглөө босч ирээд л тэгээд хэлчихээгүй байх?  

-Яалаа гэж дээ. Дэлхийн олон оронд түгжрэл тулгамдсан асуудал болсон. Метро, нийтийн тээврийн уялдаатай хөгжүүлдэг юм байна. Манайд 500 мянган машин байна. Бүгдээрээ машинтай. Бүгд машинаа унаад явчихаар хэн нь ч зам дээр хөдлөхгүй. Тэгэхээд харахаар 1-2 зорчигчтой машин маш их шүү дээ, түгжирдэг. Тэгэхээр сонголт өгөх ёстой. Нийтийн тээврийг богино зайд явуулаад үнэ төлбөргүй болгочихвол асуудал шийдэгдэх шийдэл байна шүү гэж байгаа юм. Энэ нь санхүүтэй л холбоотой. 

-Нийтийн тээврийг үнэгүй болговол хэдэн төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргав? 

-Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчид нарын татаас болон зам цагийн татаас гэж 100 тэрбум орчим төгрөгийг Хотын захиргаанаас авдаг. Нийт 200 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэж тооцож байгаа юм. Төрийн цөөн, хувийн олон автобус компани үйл ажиллагаа явуулдаг. Нийт 1200 гаруй автобус явдаг гэж ойлгосон. Тэдгээрийг үнэгүй болгочихвол мөнгөний л асуудал тулгарах нь. 

Тэр нь 100 тэрбум төгрөгийн л асуудал. Хотын төвийн зогсоолуудынхаа үнийг нэмчих хэрэгтэй байгаа юм. Эстони улсын жишээ энэ. Хотын төв рүү орж байна гэж давхцал үүсгээд буй зүйлүүдээ л эхний ээлжид шийдэх ёстой юм. Авто зогсоолынхүү  үнэтэй болгож, автобусаа үнэгүй болгох ёстой гэж харж байна.

Маш их мөнгө зарлагадаж машин унахын оронд автобусаар үнэгүй явах сонголтыг л олгоно гэсэн үг. Яв гэж шахахгүй.

Ингэхийн тулд автобусны тоог нэмэгдүүлэх, автобусны буудлуудыг битүү, дулаахан болгох шаардлагатай. Ингээд богино зайд ойр, ойрхон явбал автобусаар зорчоод байх боломжтой юм байна гэж харж байгаа. Зам, зогсоолынхоо хураамжийг нэмэгдүүлж олсон мөнгөө автобусны үйлчилгээ рүү шингээж болно шүү дээ. Мөн том мотортой машинаас авах татвараа нэмэгдүүлж болно. Энэ мэт арга, аргачлалууд байна. 

Ер нь бол яваандаа манайх нэг төвтэй бус олон төвд хот болох ёстой. Хүүхдүүд Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л дугуй унах боломжтой байгаа биз. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр нь багтахаа больчихсон. Уг нь нэг талыг нь нээгээд зогсоол болгоход болоо юм шүү дээ. Энэ мэт засах шаардлагатай энгийн зүйлүүд их байна. Гэхдээ тэд иргэндээ биш намдаа зориулж ажилладаг. Ардчилсан нам намдаа зориулж биш иргэн рүүгээ чиглэсэн ажил хийдэг. 

-Баян, ядуугийн ялгааг багасгах талаар хэд, хэдэн удаа дурьдлаа. Ямар төлөвлөгөө та бүхэнд байна вэ? 

-Дундаж бүлэг нь том, ядуу, баян нь цөөн хувийг эзэлдэг л байх ёстой юм. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн гэр хороолол гэх давхаргыг бий болгочхоод хотыг хөгжүүлнэ гэж яриад байна. Баячууд нь Зайсанд амьдардаг. Энэ зүйл яваандаа баян, ядуугийн ялгааг бүр ихэсгэнэ. Гэр хороолол болон Зайсанд төрсөн хүүхдүүд яагаад ялгаатай амьдрах ёстой юм. Нэг нь тоглох тоглоомын талбайгүй бол нөгөө нь хачин гоё орчинд тоглодог. Үүнийг арилгахгүй бол яваандаа хүүхдүүд маань баян хүмүүсийг үзэн яддаг болно. Шударга хөдөлмөөр баяжсан хүн ч байна, шударга бусаар баяжсан нь ч байна. Харин хүүхдүүд тэднийг нийтээр нь үзэн ядаж өснө.

Гэр хороололд сайн сургалттай сургуулийг байгуулж, дэд бүтцийг татаж, бизнесийг аваачих ёстой. Мөнгөтэй хүн очиж үйлчилгээ авдаг, дундаж бүлэг бизнесээ цэцэглүүлдэг болох ёстой. Европын хотууд ингэж л төлөвлөгдсөн. Бид нарт зөв зохион байгуулалт, чиглэл хэрэгтэй. Энэ нь миний дүү нар, хүүхдүүдэд зөв орчин бий болгоно. УИХ-ын гишүүд Зайсанд амьдардаг учраас тэндхийн зовлонг мэдэх нь бүү хэл ойлгохыг ч хүсэхгүй байна шүү дээ. 

-Агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд танайд ямар төлөвлөгөө байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй ажлыг та дэмждэг үү?

-Сайжруулсан түлш түр хугацааны бодлого. Түүнээс 20-50 жилдээ энэ хэвээр байж болохгүй биз дээ. Бид маш яаралтай дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлж, шинэ технологийг хэрэгжүүлэх ёстой. Дулааны болон усны шинэ супер технологиуд их гарсан. Харин нөхдүүд шинийг нь авдаггүй. Учир мөнгө унахгүй шүү дээ. Дандаа  л хумсалж байдаг учир хамгийн мууг нь авчирч өндөр үнээр төрд шахдаг. 

-ӨВЧИНТЭЙ ТЭМЦ ГЭЖ ХАНДИВ ӨГСӨН БАЙХАД ӨӨРСДӨДӨӨ ШАГНАЛ БОЛГООД АВЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ-

-Хумсалж байна гэж та хэллээ. Улсын онцгой комисст иргэдийн өгсөн хандиваас 21 сая төгрөгийг өөрсдөдөө шагнал болгоод авчихсан баримт дэлгэгдлээ. Үүн дээр та ямар байр, суурьтай байна вэ? 

-Өвчинтэй тэмц гээд мөнгө өгч байхад өөрсдөдөө шагнал болгоод авчихсан байна. Маск, ариутгагч ав хүүхдүүдийг хамгаал гэж  өгсөн биз дээ. Юу ч хэлэх вэ дээ. 

-Мөнгө авсан хүмүүсийн дунд одоо Орон нутгийн сонгуульд нэр дэвших хэд, хэдэн хүн харагдаж  байсан? 

-Ийм л нийгэм бий болчихлоо. Хууль хүн бүрт үйлчилдэггүй болсон. Иргэд үзэл бодлынхоо дагуу нэгдэн хуралдаж болдоггүй. Нам нь болохоор хуралдаж болдог. У.Хүрэлсүх нь энд, тэнд иргэдийг цуглуулж болоод байдаг. Тэр хүнд хууль үйлчилдэггүй мөртлөө энгийн иргэнд үйлчлэхгүй байна шүү дээ. Орон нутгийн сонгууль хүртэл иргэдийн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг коронавирусээр далимдуулан дарж буй л хэлбэр шүү дээ.

-Танай нам УИХ-ын сонгуульд нийслэлээс нэг л суудал авсан. Харин орон нутгийн сонгуульд ямар итгэл, үнэмшилтэйгээр оролцож байна. Мөн сонгууль хэр шударга болно гэж бодож байна? 

-Саналын хуудас нууцлалтай байна гэж хуулинд заасан. Гэтэл сая нууцлалгүй, бар кодгүй саналын хуудсаар сонгууль явуулсан шүү дээ. Сонгуулийн хороо хууль зөрчсөн. Тэгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Саналын хуудас олон хэвлэгдэхгүй. Хэвлэгдсэн тоо нь хязгаарлагдмал, бүртгэлтэй байх ёстой.

Гэтэл хэн ч олшруулж болохуйц саналын хуудсыг ашигласан. Маш олон хуудас хэвлээд саналын хуудсыг өөрөөр будаад уншуулсан байх магадлалтай гэх хардлагыг төрүүлсэн. 

Нэг хүн хэдэн ч удаа санал өгөх бололцоогоор хангагдсан. Хуруугаа уншуулаад саналын хуудас аваад л яваад байсан байх магадлалтай. Түүнийг хянах тогтолцоо байхгүй. Өөрсдийнх нь хүмүүс 3-4 удаа  өгснийг ч мэдэхгүй. Би хардах эрхтэй. Бид нар нэг удаа санал өгдөг. Гэтэл нөгөө талд 10 удаа санал өгөөд байвал яаж ялах вэ дээ. Нууцлалгүй хуудсыг хязгааргүй аваад, өгөөд байна. Орон нутгийн сонгуулиар бид ажиглагчаа оруулах гэж үзнэ. 

-Ярилцсанд баярлалаа.