БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах товтой байна. Өөрөөр хэлбэл энэ нь өнөөгийн ханшаар 290 гаруй тэрбум төгрөгтэй дүйцэж байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд бараалхана.

Энэ оны төсвийг батлахдаа түнш орнууд дундаас БНХАУ-аас хамгийн өндөр буюу 206 тэрбум төгрөгийн зээл тусламж авна гэж тусгаад байв. Түүнчлэн хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар ярилцах таамагтай байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны төлөөлөл хэлж байв.

БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш бөгөөд оны эхний найман сард Монгол Улс 65 оронд бараа, бүтээгдэхүүн экспортолсноос БНХАУ-д 70.7 хувийг нийлүүлсэн байна. Харин импортын 36 хувийг БНХАУ-тай хийх худалдаа бүрдүүлж байгаа аж.

Хоёр орны худалдаанд гарсан гол өөрчлөлтийг харвал энэ онд БНХАУ-аас импортолдог бүтээгдэхүүний дүн долоон хувиар, харин экспорт 33 гаруй хувиар буурчээ. Энэ нь хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Монгол Улсын нүүрсний экспорт буурснаас шууд хамааралтай аж. Тиймээс бусад салбарын худалдааны харилцааг сайжруулах шаардлагатай байгаа юм.