Нийслэлийн Онцгой комиссын санхүүгийн тайлан ийм байна

2020 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулсан. Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар төрийн байгууллагын 21 удирдлагыг тус бүр нэг сая төгрөгөөр шаганасан нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм. 

Тэрээр үүсээд буй нөхцөл байдалд өчигдөр тайлбар өгөхдөө “Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан” гэсэн юм.

Нийслэлийн онцгой байдлын газрын нэмэлт санхүүужилтийн данс болон Нийслэлийн онцгой комиссын дансанд  3 иргэн, 348 аж ахуй байгууллагаас 257 сая 341 мянган төгрөгийн мөнгөн хандив төвлөрснийг Нийслэлийн Онцгой комиссын данс руу шилжүүлсэн байна.

 Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив: (2020 оны эхний хагас жилд)

ОгнооБайгууллагын нэрХандив  (төгрөгөөр)
2020.03.10Монголын өмгөөлөгчдийн холбоо8 сая 491 мянга
2020.04.03Нийслэлийн онцгой байдлын газар227 сая 261 мянга 
2020.04.13Өөрийгөө танихуй НҮТББ400 мянга
2020.06.08Баянгол дүүргийн татварын хэлтэс3 сая 884 мянга
2020.06.10Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс2 сая 666 мянга
2020.06.10Нийслэлийн Татварын газар 2 сая 961 мянга
2020.06.10Хан-Уул дүүргийн татварын хэлтэс 2 сая 557 мянга
2020.06.11Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс3 сая 484 мянга
2020.06.12Баянзүрх дүүргийн татварын хэлтэс3 сая 502 мянга
2020.07.02Нийслэлийн онцгой байдлын газар2 сая 130 мянга
  Нийт: 257 сая 341 мянга

Зарцуулалт: 

Дд.ШийдвэрМөнгөн дүн 
1НЗД-ын захирамж А/472211 сая 742 мянган төгрөг
2НЗД-ын захирамж A/747 (НОК-ын 21 гишүүний урамшуулалд)21 сая төгрөг
3НОК-ын даргын 12 дугаар тушаал7 сая 519 мянган төгрөг
4НОК-ын 2020 оны хурлын тэмдэглэлийн шийдвэр9 сая 972 мянган төгрөг
  Нийт:  250 сая 779 мянган төгрөг
 

Энэхүү төвлөрсөн хандиваас Засгийн газрын тогтоол “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2020 оны хөрөнгө гаргах тухай А/472, шагнал урамшуулах тухай А/747 дугаар захирамж буюу 21 даргыг урамшуулах захирамж, НОК-ын даргын 12 дугаар тушаалыг үндэслэн нийт 250 сая 779 мянган төгрөгийг зарцуулсан гэдгийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон Нийслэлийн Аудитын газрын хамтарсан шалгалтаар тодорхойлжээ.

"ХЭРЭВ 1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛЛЫГ БУЦААЖ ӨГӨХ ШИЙДВЭР ГАРВАЛ ӨГНӨ"

Тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал авсан 21 дарга нарт Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар нар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж нар багтаж байгаа юм.

НЗД-ын захирамж A/747 захирамж

НЗД-ын захирамж A/747 захирамж

Урамшууллын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өчигдөр дараах тайлбарыг өгсөн. 

"2019 оны аравдугаар сараас хойш угаарын хий,  сайжруулсан түлштэй холбогдолтой төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Бид байцаагчдаа "Жижүүрлээд гарсан бол хоёр өдөр амар, гурав дахь өдрөө ажилла" гэдэг.

Хүн хүрэхгүй тохиолдолд ялангуяа эрэгтэй байцаагч нарыгаа буусан өдрөө амраад маргааш нь ажиллуулах шаардлагыг тавьж байсан. Бид ажилчиддаа илүү цагийн урамшуулал өгөх боломжгүй байсан юм.

НЗДТГ-аас тухайн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоо харгалзаад байцаагч нараа шагнаж болно гэсэн. Харин төсөв мөнгө байхгүй учир илүү цагийн мөнгө өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн үүнтэй адилаар сайжруулсан түлшний үйл ажиллагаа зогссон, Ковид-19-тэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсны дараа өмнө нь байцаагчдыг шагнасан учраас, урамшуулалд хамрагдаагүй урирдлагуудыг нэг удаа шагначихъя гэсэн. Урьд шөнө нь нойргүй хоночихоод бид өглөө нь хэвлэлийн бага хурал хийхдээ ам зуураад ярьж чадахгүй тохиолдол ч байсныг хэвлэлийнхэн та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд бидэнд тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал тавдугаар сард орж ирсэн. Миний дансанд ч орж ирсэн нь үнэн. Аль данснаас ямар эх үүсвэрээр орж ирснийг мэдэхгүй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга бид хоёр шагнуулсан. Байцаагчдын хувьд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар Алтанбулагийн боомт дээр бэлэн байдалд ажиллаж байсан манай байцаагчид, сайжруулсан түлштэй холбоотойгоор товчоодод ажилласан агаарын чанарын хяналтын хэлстийн гээд нэр бүхий нийт 24 байцаагчийг шагнасан. Бид тэдэнд мөн л “Илүү цагийн мөнгө өгч чадахгүй” гэдгийг хэлж байсан.

Хотын дарга асан С.Амарсайхан түлш, угаарын хий, коронагийн улмаас иргэдийн аюулгүй байдлын төлөө зургаан сарын турш ажилласан 43 байгууллагын 2090 алба хаагчдад цалин хөлс, илүү цаг, урамшуулал нэмэгдэл олгосон. Үүнд л багтсан урамшуулал юм. Хэрэв буцааж өгөх шийдвэр нь гарвал бид өгнө” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 229 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Нийслэлийн төсөв энэ оны эхний долоон сарын байдлаар 229 тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг нийслэлийн албан ёсны сайтаас Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагын мэдээллээс харж болно.

Тодруулбал, нийслэлийн эхний долоон сарын төлөвлөгөөнд 702 тэрбум төгрөгийн орлого тавьсан ч гүйцэтгэл 472 тэрбум буюу одоогоор 229 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм. Энэхүү алдагдал оны эхний хагас жилд буюу зургаадугаар сарын байдлаар 203 тэрбум байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нэг сарын хугацаанд нийслэлийн төсвийн алдагдал 26 тэрбум төгрөгөөр өсчээ.

(Хүснэгт дээр дарвал томорч харагдана)

Үүнээс тэвчиж болох зардлыг дурдвал тавилга авахад 304 сая төгрөг (үүний 104 сая төгрөгийн зарлага нь СХД-т гарчээ), урамшуулалд 16,9 сая төгрөг зарцуулсан бол гадаад албан томилолт 229 сая төгрөг (үүний 140 сая төгрөгийн зарлага нь Хан-Уул дүүрэгт гарчээ), зочид хүлээн авахад зориулж 94 сая төгрөг тус тус зарцуулсныг Нийслэлийн төсвийн зарлагын гүйцэтгэлээс харж болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын энэхүү онцгой цаг үед төрийн байгууллагуудыг тэвчиж болох зардал гаргахгүй байхыг сануулж байсан билээ.