БНХАУ-ын автомашины үйлдвэрлэлийн өсөлт зэсийн үнэд эерэгээр нөлөөлөв

Ковид-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх зорилгоор Монголбанкнаас долоо хоног тутам гадаад орчны тойм мэдээлэл бэлтгэж байгаа юм. 22 дахь дугаарт багтсан, урд хөршийн  эдийн засагтай холбоотой мэдээллийг хүргэе.

БНХАУ-ын автомашины үйлдвэрлэл 7-р сард 2.3 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар нэмэгдэв. Үүний зэрэгцээ автомашины борлуулалт 7-р сард 2.1 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар нэмэгдлээ. БНХАУ-ын автомашины үйлдвэрлэлийн сэргэлт зэсийн эрэлт, үнэд эерэгээр нөлөөлж байгаа юм. Харин оны эхний долоон сараар авч үзвэл автомашины үйлдвэрлэл 12.6 саяд хүрч жилийн 9.7 хувиар, автомашины борлуулалт 12.4 саяд хүрч жилийн 12.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

БНХАУ-ын Шанси, Шаанси, Хэбэй, Шандонг, ӨМӨЗО-ны коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл оны эхний долоон сард 269 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурав.

Зөвхөн долдугаар сарыг авч үзвэл Өвөр Монгол, Шанси мужийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 11.4 хувь, 12.3 хувиар тус тус нэмэгдсэн бол Хэбэй, Шандонг мужуудын үйлдвэрлэл 6.4 хувь, 40.1 хувиар тус тус буурлаа.

Нүүрсний импортын хориг тавигдаагүй тул долдугаар сард БНХАУ-ын нүүрсний нийт импорт 7.4 сая тонн болж, жилийн 4.9 хувиар буурлаа. Харин оны эхний долоон сард нийт импорт 45.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 нэмэгдэв.

Оны эхний долоон сард Австрали, Канад Улсуудаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 28.6 сая тонн, 2.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 53.8 хувь, 45.3 хувиар тус тус нэмэгдсэн бол Монгол, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 9.5 сая тонн, 3.4 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 50.7 хувь, 4.0 хувиар тус тус буураад байна.

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт тайлант сард 18.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар буурав.

БНХАУ-ын Индонезоос импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар буурч, 7-р сард 10.6 сая тоннд хүрсэн, Австрали, ОХУ-аас импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 4.1 сая тонн, 2.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 34.0 хувь, 17.6 хувь тус тус буурсан бол Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 0.34 сая тоннд хүрч 74.4 хувиар нэмэгдлээ.