НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн төрөлхтний өмнө тулгарч буй 5 сорилтыг нэрлэжээ

Энэ сарын 22-нд Нью-Йорк хотноо “Бидний хүсэж буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  эхэллээ.

Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес "Хүн төрөлхтөн дэлхийн геостратегийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл,  цахим технологийн сөрөг үр дагавар, КОВИД-19 цар тахал зэрэг 5 сорилттой тулгарч буй"-г сануулжээ.

2020 оны гуравдугаар сард түүний санаачилсан “Дэлхий нийтээр гал зогсоох уриалга”-д 180 улс нэгдсэнийг мэдээлэн, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд зөрчил маргаан лавшрах төлөвтэй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манлайлах үүрэгтэй гэж мэдэгдэв.

НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир хэлэхдээ

  • олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, 
  • НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,
  • Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, 
  • жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэргийг энэ удаагийн чуулганы тэргүүлэх чиглэлүүд болгон ажиллахаа мэдэгдэж, 
  • КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын агентлагууд, түүний дотор  ДЭМБ-ын хүч чармайлтыг нэмэгдүүлэх  ёстойг онцлон, цар тахал, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын чадавхыг бүрэн ашиглаж, хамтран ажиллахыг гишүүн улсуудад уриалсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж,  гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Эх сурвалж: Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар