Засгийн газар 600 сая ам.долларын НОМАД бондыг олон улсын зах зээлээс амжилттай босголоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын шинэ бондын талаар өнөөдөр яамандаа мэдээлэл өгч байна.  Засгийн газар Монголбанктай хамтран 5.125 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын НОМАД бондыг олон улсын зах зээлээс амжилттай босгожээ. Бондын хугацаа 5.5 жил. 2026 онд бондыг эргүүлэн төлнө.   

Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсөв 2.7 их  наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Төв банк ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд захад тогтмол валют нийлүүлснээр гадаад валютын албан нөөц 3.5 тэрбум ам. доллар болж буув. Энэ бол албан нөөц. Бодит нөөц үүнээс бага байх эрсдэл бий. Мөн “Оюутолгой”-оос өөр шууд хөрөнгө оруулалт татарсан тул Засгийн газар бонд гаргах шийдвэрт хүрсэн. Энэ бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах ажил өнгөрсөн долоо хоногт цахимаар эхэлжээ. Бондын хүү, хугацаа ямар байх нь тодорхойгүй байсан юм.

Энэ оны эхний хагас жилд манай эдийн засаг чөлөөт уналтаар буюу -9.7 хувиар агшсан.

Уул уурхайн салбарын экспорт 50 хувиар буурсан бол өнгөрсөн сарын байдлаар -10 хувь болж,  сэргэх төлөвтэй байна. Гэсэн ч уул уурхай, үйлдвэрлэл, барилга, тээвэр, агуулахын үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний салбар хүнд нөхцөлд хэвээр байна.

Мөн КОВИД 19-ийн улмаас энэ онд 27 мянган ажилгүй болсон, албан бус салбарт ажиллагсад (лангуу түрээслэн худалдаа эрхлэгчид, гар дээрээс наймаа хийдэг иргэд, жуулчдад үйлчилдэг орон нутгийн иргэд гэх мэт) хамгийн их хохирол амссан гэж эдийн засагчид дүгнэсэн.

Өнгөрсөн сарын 20-ны байдлаар 22191 иргэн эх орондоо ирээд байна. Тэдний тал нь насанд хүрэгчид гэж үзвэл 10 мянган хүнээр ажилгүй иргэдийн тоо өссөн гэсэн үг. Нөгөөтээгүүр хилийн чанадаас илгээдэг иргэдийн гуйвуулга ч их хэмжээгээр буурсан. Зөвхөн БНТУ-аас Монгол руу гуйвуулга хийдэг ТББ КОВИД-оос өмнө долоо хоног бүр 100  мянган ам.долларыг Монгол руу илгээдэг байсан юм.

Энэ нөхцөлд Засгийн газрын бонд валютын ханшийг тогтворжуулах, хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар улсын төсвийн алдагдлыг нөхөхөд чухал нөлөө үзүүлнэ. Шинэ бонд Standard&Poоrs, Fitch агентлагуудаас В/В үнэлгээг аваад байгаа юм.

2021 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ

Алт, зэсийн  үнэ өссөн нааштай мэдээлэл бий. Зэсийн үнэ тонн тутамдаа 6300 ам.долларт хүрэв. Мөн төмрийн хүдрийн экспорт энэ онд 8 хувиар өсжээ.  

Эдийн засаг ирэх онд сэргэнэ гэж мэргэжилтнүүд зөгнөж байгаа ч -9.7 хувийн агшилтаас эргээд өслөө өслөө V хэлбэрийн буюу огцом өсөлт ирэхгүй гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч Б.Болд анхааруулсан. Мөн тус банкны ахлах мэргэжилтэн Ясу Савада “Улс орнуудын эдийн засгийн сэргэлт рүү хүрэх зам хэцүү, тодорхойгүй” гэжээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны III улиралд 3.2 хувиар өслөө. Энэ нь бидэнд эерэг дохио боловч тус улсын эдийн засгийн өсөлтийг бодлогоор удирдан, эрэлтээр өдөөсөн буюу төрөөс дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлсний нөлөө гэж үзэж байгаа юм. Тэгэхээр 3.2 хувийн өсөлт хэр удаан үргэлжлэх нь анхаарал татаж байна.   

АХБ, Дэлхийн банк ирэх оны эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь гэж таамагласан. -9.7 хувийн уналтын дараа энэ нь боломжийн санагдавч 1993-1996 оны хүнд жилүүдэд л манай эдийн засаг ийм бага өсөлттэй байжээ.  

Засгийн газрын бондын төлбөр жил бүр өөр өөр байдаг нь валютын захад хэлбэлзэл үүсгэдэг. Иргэд, ААН-үүд энэ онд бонд төлнө гээд ам.долар худалдан авах нь нэмэгддэг. Иймд цаашид Сангийн яам жил бүр тогтмол дүнгээр бондын төлбөр төлөх нь зөв гэж үзжээ. Ингэснээр ам.долларын ханшид эерэгээр нөлөөлнө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр "Мазаалай" бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд "Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа" хэмээн тэрбээр тайлбарлалаа. 

НОМАД бондын 600 ам.долараар 2012 онд босгосон ЧИНГИС бонд (1 тэрбум ам.доллар), 2016 онд МАЗААЙЛАЙ бондын 500 сая ам.долларын бондыг солих арилжаа хийжээ.     

Өндөр хүүтэй (10.875 хувь) бондыг НОМАД бондоор сольсноор Засгийн газрын жил бүрийн гадаад төлбөрийн дарамт буурч, бондын хүүгийн зардал жилд 26 сая ам.доллараар буурах юм. Сангийн яам 2021-2022 онд нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг эргүүлэн төлнө. Эдгээр бондын төлөх хугацааг 5.5 жилээр хойшлуулснаар макро эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд ирэх дарамт буурна гэж Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлав.

Засгийн газар НОМАД бондыг арилжаалахдаа олон улсын хөрөнгийн зах зээлд ил тод байдлыг эрхэмлэн ажилладаг HSBC, J.P.Morgan, Morgan Stanley, Nomura гэсэн хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллажээ.