АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео ирэх сарын 7-нд Монголд айлчилна


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог Монгол Улсад айлчлахыг урьсан тухай өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл аравдугаар сарын 7-нд тус айлчлалыг зохион байгуулахаар болсныг ГХЯ-наас  мэдээллээ.

ГХЯ-ны Америк, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх:
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын манай улсад хийх айлчлал энэ оны аравдугаар сарын 7-нд болно. Тэрээр дагалдаж яваа төлөөлөгчдийн хамт тухайн өдрөө буцах юм. 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхан Монгол-АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэх юм. Хөл хорионы улмаас тус айлчлалын бүрэлдэхүүн цомхон байна гэдгийг мөн хэллээ.

Манай талаас Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны наймдугаар сард Вашингтонд айлчлан, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай албан ёсны хэлэлцээ хийсэн юм. АНУ манай улсын гурав дахь хөрш орнуудын нэг бөгөөд хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм.

Үүнээс өмнө буюу 2018 оны есдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордонд айлчлан, "Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглал" баримт бичгийг үйлдсэн. Мөн тогтвортой цэвэр усны нөөцийг Монгол Улсад бий болгох, хувийн хэвшлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн, Мянганы Сорилтын Корпорацын 350 сая ам.долларын цэвэр усны компакт гэрээнд гарын үсэг зурсан юм.

Өндөр түвшний эдгээр хэлэлцээрүүдийг тус айлчлалаар хөндөн ярилцах төлөвлөгөөтэй байна гэж ГХЯ-наас мэдээллээ.