Угаартсан хүний хүзүүн доор хуйлсан даавуу, дэр тавьж гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлдөг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны хордлого судлалын салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор С.Юндэн оролцож, угаарын хийн хордлогын  үед авах арга хэмжээний талаар зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын улмаас хордлогод орсон тохиолдолд хэрхэн эрүүл мэндийн тусламж үзүүлэх талаар зөвөлгөө өгье.

Угаарын хий нь битүү орчинд гал түлэх үед үүсэх бөгөөд түймрийн болон битүү гараашд машин асааж угаартах тохиолдлууд мөн гардаг.

Хордлогын үед гурван төрлийн хүндрэл гардаг. Нэгдүгээрт, төв мэдрэлийн системийн тархины архаг эмзэгшил үүсэх, хоёрдугаарт зүрх судасны дутагдал үүсэх, гуравт гэнэтээр нас барах тохиолдол бий болно.

Оношилгооны хувьд царай нь хөхөрсөн эсэх, амьсгалж байна уу үгүй юу, ухаан алдаж уу үгүй юу гэдгийг эхлээд тогтооно. Амьсгалахгүй, ухаан алдсан байгаа тохиолдолд хиймэл амьсгал хийх, үнэртүүлэгч бодис үнэрлүүлж ухаан санааг нь сэргээх, халуун бүлээн юм уулгах арга хэмжээ авна.

Ингэхдээ хамгийн түрүүнд хордуулагч хүчин зүйлээс холдуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Тодруулбал, хордлого бий болгож буй байр, орон сууцаас хордсон хүнийг яаралтай гаргах нь чухал. Дараа нь хүчил төрөгчөөр хангах/агаарт гаргах, бариу хувцасны энгэрийг суллах, хүзүүн доогуур нь хуйлсан даавуу, дэр тавьж гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлөх, цэр салст байвал соруулах, боломж байвал хүчил төрөгчөөр амьсгалуулах/ хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.