2021 онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төсөл бол Монгол Улсын 2021 оны төсөв болон түүнийг даган өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж, 2020 оны төсөвт тодотгол хийсэн бөгөөд 2021 оны төсвийг ч мөн цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулжээ. Ингэхдээ, цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр болжээ.

Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татвар нэмэхгүй, татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж татварыг бүрэн хураах, орлогын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулах дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйлчилгээг “Covid-19”-ийн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

2021 онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт  ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг .

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл Covid-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.