“Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto”-ийн эсрэг АНУ-д зарга үүсгэлээ

“Hach Rose Schirripa & Cheverie” компани X сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк мужийн дүүргийн шүүх дээр “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto”-гийн Гүйцэтгэх удирдлагын эсрэг зарга үүсгэсэн байна. 2018 оны VII сарын 17-ноос 2019 оны VII сарын 31-ний хооронд “Turquoise Hill Resources”-ийн үнэт цаасыг худалдан авсан бүх хүнийг төлөөлж энэхүү хуулийн маргааныг эхлүүлж байгаагаа компанийн зүгээс мэдээлжээ.

Мөн хугацаанд санхүүгийн алдагдал хүлээсэн хөрөнгө оруулагч нарыг холбогдохыг уриалсан байна. “Turquoise Hill Resources”-ийн үндсэн төсөл болох Оюутолгойн бүтээн байгуулалтын явцтай холбоотой мэдээллийг өгөөгүй, төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргасан зэрэг нь холбооны үнэт цаасны хуулийг зөрчсөн гэж заргалдагч тал үзжээ. “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2019 оны II сарын 27-нд 12.86 хувиар, мөн оны VII сарын 16-нд 43.9 хувиар, мөн оны VIII сарын 1-нд 8.2 хувиар тус тус унасан. Компани гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлт хугацаа, хөрөнгө шаардлагатай болж буй тухай мэдээллийг анх 2019 оны II сарын 26-нд гаргаж, улмаар VII сард "нэмэлтээр 1.2-1.9 тэрбум шаардлагатай болсныг мэдээлж байлаа. “Turquoise Hill Resources” компани энэхүү заргыг үр ашиггүй гэж үзэж буйгаа тайландаа дурджээ.