МАН-аас нэр дэвшигчдийг АТГ-аар шалгуулна

https://livetv.mn/storage/posts/October2020/02k6vN0RguQ0ORj8Mgqe-medium.jpg



Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид бүгдээрээ, зохион байгуулалттайгаар “Сонгуулийн зардлын данс”-аа Төрийн банкинд нээлгэснийг сэжиг бүхий үйлдэл хэмээн Нийслэлийн АН-ынхан үзжээ.

Учир нь Төрийн банкны удирдлагаар дандаа МАН-аас томилогдсон хүмүүс ажиллаж байгаа нь тэднийг ийнхүү сэрдэхэд хүргэсэн байна.

МАН-аас нэр дэвшигчид Төрийн банкны холбогдох албан тушаалтнуудтай үгсэж, сонгуулийн зардлын дансаараа дамжуулан иргэдийн саналыг худалдан авах зорилгоор их хэмжээний мөнгө тараасан байж болзошгүй гэх үндэслэл таамаг байгаа тул нэр бүхий 24 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны задаргааг шалгуулах хүсэлтийг АН-ынхан өчигдөр АТГ-т хүргүүлсэн байна.

МАН-ынхан үнэмлэхүй олонх болон засаглаж байх үед буюу 2017 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос гурав хоногийн өмнө  Төрийн банкны удирдлагууд хууль журмыг илт зөрчиж, БНХАУ-ын Шинжиан Шинфа гэх компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Уг мөнгийг “Шинжиан шинфа” ХХК нь зориулалтын дагуу зарцуулаагүй. Харин иргэдийн саналыг худалдан авахад ашигласан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд тухайн үед шуугиж байсан юм.

Төрийн банк 20 тэрбум төгрөгийн зээлийг БНХАУ-ын компанид хууль журмыг илт зөрчиж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө олгосон асуудлыг АТГ-аас шалгаж, улмаар шүүхээс гэм буруутайд тооцож, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд 2 жилийн хорих ял, захирал Б.Цэндсүрэнд 3 жил 6 сар, захирал Г.Тохтохбаатарт 1 жил 6 сар хорих ялыг тус тус оноож байсан юм.