АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн мэтгэлцээн эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн мэтгэлцээн эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны мэтгэлцээн өнөөдөр /2020.10.23/ эхэллээ. Сонгуулийн санал хураалт ирэх сарын 3-нд болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, эрх баригч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын хувьд үндэсний хэмжээний үзэгчдийн өмнө гарах сүүлийн боломж болж байна. Мэтгэлцээн Теннесси мужийн Нашвилл хот дахь “Belmont” их сургуульд болж байгаа бөгөөд гурван цаг үргэлжилнэ.

“NBC” сувгийн сэтгүүлч Кристен Велкер мэтгэлцээнийг удирдаж байгаа ба  “Коронавирусийн цар тахалтай тэмцэх”, “АНУ-ын айл өрх, гэр бүлүүд”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Үндэсний аюулгүй байдал”, “Манлайлал” гэх үндсэн зургаан сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

Өмнөх мэтгэлцээний үеэр Дональд Трамп, Жо Байден нар нэг нэгнийхээ үгийг таслах, нэгэн рүүгээ дайрч давшлах гэх мэт үйлдэл их гаргасан. Тиймээс энэ удаагийн халз мэтгэлцээнийг микрофоны дууг хаах горимтойгоор зохион байгуулж байгаа гэнэ. Энэхүү шинэ журмын дагуу нэр дэвшигчид дээрх зургаан сэдвээр тус тус 15 минутын хугацаанд мэтгэлцэх ба сэдэв бүрийн нээлтийн үгийг тасалдуулахгүйн тулд эхний хоёр минутын хугацаанд өрсөлдөгчийнх нь микрофоныг хааж байгаа юм.

Мэтгэлцээн үргэжилсээр байгаа ба Жо Байден Трампыг коронавирусийн цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаагүй хэмээн буруутгасан бол Трамп өрсөлдөгчийнхөө хүүгийн гадаад дахь бизнесийн ашиг сонирхлыг буруутган мэтгэлцэв. Трампын хувьд Байденыг дэд Ерөнхийлөгч байх үед түүний хүү Хантер Байден Хятадын бизнесмэнээс их хэмжээний хөрөнгө оруулалт авсан явдлыг сөхсөн. Харин Байден үүний хариуд Трампын Хятад дахь банкны данс илэрсэн, эх орондоо бус Хятадад илүү их татвар төлсөн гэж буруутгажээ.

Эх сурвалж: BBC