Автозогсоолын нэгдсэн систем үйлчилж эхлэв

Нийслэлд автозогсоолын нэгдсэн систем үйлчилж эхлээд байна. Энэ нь иргэд гар утсандаа UB parking аппликейшныг суулган ашиглаж автозогсоол захиалах боломжтой болж буй талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас мэдээлж байна. 


Тодруулбал, жолооч нар зогсоол хайж түгжрэлд орохгүйгээр байгаа газраасаа очих газрынхаа зогсоолыг хайж интернэтээр захиалах юм. Очих газрынхаа ойролцоо сул зогсоол байгаа эсэх мэдээллийг аппликейшнээр авч зорьсон газрын сул зогсоолд автомашинаа байршуулна. Ингэхдээ одоогоор 2 цагаас илүү зогсох боломжгүй, (Багатойруу дотор) учир нь дараагийн автомашиныг зогсоох үүднээс авто зогсоолд үргэлж сэлгэлт хийж байх аж. Нэг ёсондоо жолооч нар 2 цаг дотроо багтаж машинаа авах үүрэг хүлээнэ.

Зогсоолд ирсэн жолооч утсан дээрх аппликейшныг нээж, QR кодыг уншуулж зогсоолын төлбөрөө төлнө. Ингэхдээ захиалсан цагаас хамаарч зогсоолд байх хугацаа дуусахад жолоочийн гар утсанд байршсан цагийн мессеж ирнэ. Мөн зогсоолын харуул болон хянах цагдаад мессеж давхар ирснээр хугацаа дууссан талаар таны утсанд болон зогсоолын эргүүлийн төхөөрөмжид мэдээлэл ирнэ.

Ийм зохицуулалтаар эхний ээлжинд "Центрэл таур"-ын зүүн талын нийтийн эзэмшлийн автозогсоолыг тохижуулж, автозогсоолын нэгдсэн системд бүртгэн хэрэгжиж байна. Дараагийн ээлжинд нийслэлийн захиргааны төв байр болох "Хангарди" ордны гаднах талбайг ийм болгож, энэ онд багтаан Багатойруу дотор автозогсоолын системийг нэвтрүүлж дуусган Их тойруу дотор орохоор төлөвлөжээ. Автозогсоолын нэгдсэн системээр үйлчлүүлснээр:

  • тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулах дундаж хугацаа багасна, 
  • жолооч нарын зогсоол хайх хугацаа мөн багасна,
  • зогсоолын сэлгэлт нэмэгдэж аль болох олон машин зогсох боломжоор хангагдана,
  • Зогсоолын хүртээмж нэмэгдэнэ. 
  • тээврийн хэрэгслийг ачиж, журамлах, зөөн шилжүүлэх үйлдэл буурна, 
  • Камерын болон харуултай зогсоолд автомашин, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал хангагдана гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас мэдээлж байна. 

Одоогоор нэг зогсоолд бүтэн өдөрт 10-хан машин сэлгэлт хийдэг дүр зурагтай байгаа аж. Мөн нийслэлийн төвд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын 15 хувь нь 30 минутаас 1 цаг орчим зогсоол хайдаг, ингэхдээ 500 м-ээс 1 км явдаг гэсэн судалгаа гарчээ.