COVID19-Архангай аймагт нэг тохиолдол илэрлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг сэжигтэй тохиолдлын  түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа юм. PCR шинжилгээний хариу маргааш гарах юм. 

Харин түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох иргэдийн түргэвчилсэн тестийн хариу БҮГД СӨРӨГ гарчээ. 

Архангай аймгийн Засаг даргын тамгийн газрын цахим хуудаст "Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн. 

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу илгээгээд байна. Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулагдаж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа тул ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүсье. Дашрамд, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох иргэдийн түргэвчилсэн тестийн хариу бүгд сөрөг гарсан байна" гэжээ.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар