ЦССҮТ-ийн хэвийн өдрүүдээр хуримтлуулдаг цусны хэмжээ ХОЁР ДАХИН буурчээ

Коронавируст цар тахлын хөл хорионы улмаас иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдаж, зайлшгүй тохиолдол биш бол гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн яам, Засгийн газраас зөвлөж буй. Тэгвэл энэ хүнд нөхцөлд Цус сэлбэлт судлалын үндэсний төв(ЦССҮТ)-ийн хэвийн өдрүүдээр хуримтлуулдаг цусны хэмжээ 53 хувиар буюу хоёр дахин буурчээ.



Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо багассантай холбоотойгоор мөн цусны хэрэглээ 34 хувиар буурсан байна. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр "Бид цар тахал гарсан үеэс эхлэн хөл хорионы үед ямар байдлаар ажиллах төлөвлөгөө гаргачихсан байсан. Хөл хорионы улмаас доноруудын хөдөлгөөн хязгаарлагдаж цусаа өгөхөд цаг хугацааны хувьд хүндрэлтэй болсон тул манай төвөөс УОК, НОК-д санал тавьж манайхаас урилга өгсөн цусны доноруудыг зорчуулах боломж бүрдсэн" гэв.

Түүний хэлснээр цусны зарим төрлийн бүтээгдэхүүний нөөц хангалттай буюу сийвэнгийн нөөц 250 хоног, улаан эсийн нөөц 11-12 хоног хүрэлцэхээр байгаа аж. Харин зарим төрлийн бүтээгдэхүүнийг нөөцлөх боломжгүй тул захиалгаар авч байгаа хэмээв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх ЦССҮТ-ын төв салбар болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Сүхбаатар салбарууд энгийн өдрийн хуваариар 08:30-14:00 хооронд хэвийн ажиллаж байна. Харин Дүнжингарав худалдааны төв хаагдсантай холбоотой тус төвд байрлалтай салбар ажиллахгүй байгаа бол явуулын цус хуримтлуулах багууд хязгаарлагдмал бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.