“Эрдэнэс Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” компани арваннэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулж, нэг сая гаруйг нь экспортолжээ. Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн сард өдөрт дунджаар 526 автомашин хил нэвтэрснээс 394 нь дээрх компанийн бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн байна. Ингэснээр энэ оны эхнээс арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд урьдчилсан байдлаар “Эрдэнэс Тавантолгой” 10 сая гаруй тонн нүүрс олборлон, ес орчим саяыг нь экспортолсон гэнэ. Одоогоор уурхайн үйл ажиллагаа болон тээвэрлэлт хэвийн явж байгаа аж. Ташрамд дурдахад, 2019 онд тус компани 14.3 сая тонн бүтээгдэхүүн экспортлон, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь түүхэн дээд үзүүлэлт болсон билээ.