Сарын хугацаанд хүнсээр хангах, татвараас чөлөөлөх, зээлийг хойшлуулах ажил хийлээ

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газраас иргэдээ хүнсээр хангах, татвараас чөлөөлөх, банкны зээлийг  хойшлуулах зэрэг ажил хийсэн талаар тайлагналаа. 

  • Хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлууллаа. Ингэснээр  бүх төрлийн буудай, ургамлын тос улаан буудай, улаан буудайн үр, малын бүх төрлийн тэжээл өвсийг татвараас хөнгөлж чөлөөлөхөөр болж байна.
  • Мөн хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор 150 мянган тонн хүнсний улаан буудайн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс шийдвэрлээд байна.
  • Нийслэлийн зургаан дүүргийн 22 байршилд  дөрвөн өдөр 400 тонн нөөцийн махыг худалдан борлууллаа. Сэлэнгэ, Дарханд 300 тонн мах худалдан борлууллаа.
  • Хот суурин газрын хүнсний хангамж одоогоор тасалдсан зүйл алга байна.
  • ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр арилжааны банкаар олгосон үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ хугацаанд нийт 313.8 мянган иргэнд 33,6 тэрбум төгрөгийг Халамжийн сангаас, 44,3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4,8 тэрбум төгрөгийн хүнсний талон, 1,2 сая хүүхдэд 120 тэрбум  хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн олгож ажиллалаа. 
  • Нийгмийн даатгалын сангаас 446,4 мянган тэтгэвэр авагч 185 тэрбум төгрөгийг олголоо. 
  • Иргэдийг дансжуулах, картжуулах аяны хүрээнд 60 мянган иргэнийг дансжуулж, 49 мянган иргэнийг банкны карт хэвлэж энэ хугацаанд өглөө.
  • Зорилтот бүлгийн 32,6 мянган өрхөд хүнсний дэмжлэг болгож 11,2 өрхөд хүнсний бус дэмжлэг өгөх ажил зохион байгууллаа. Нийслэлийн 10 мянган өрхөд нэг сарын хэрэглээ болох  сайжруулсан түлшийг үнэгүй тараах ажлыг зохион байгууллаа.
  • Нийслэлд тэнэмэл гэр оронгүй иргэдийг илрүүлж, 400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, асрамж, халамжийн төвүүдэд байршууллаа.