​2021 онд Хятадын зах зээлд хамгийн эрэлттэй, үнэ өсөх ТАВАН түүхий эдийг нэрлэжээ

    Хятадын эдийн засгийн сэргэлт 2020 оны хоёрдугаар хагас жилд цар тахлын улмаас түүхэнд байгаагүй хямралтай нуур тулсан дэлхийн зах зээлд түүхий эдийн хатуу эрэлтийг бий болгосон. Үйлдвэрлэгч орнууд ирэх онд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь тодорхой. Тиймээс эдийн засагчид 2021 онд түүхий эдийн өнөөгийн хатуу эрэлт улам бүр нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ.

    Ройтерс агентлаг Хятадын зах зээлд ирэх онд эрэлт болон үнийн өндөр өсөлт үзүүлэх топ 5 түүхий эдийг нэрлэсэн байна.

    Зэс

    Хятадын дэд бүтэц, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэний ачаар 2020 онд төмрийн хүдэр болон гангийн хэрэглээ өссөн. Мөн улс орнууд “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн явдал нь ирэх 2021 онд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг өдөөж буй. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж ирэх онд суурь металлын ханш тэр дундаа зэс болон хөнгөн цагааны ханш хамгийн өндөр өсөх таамгийг эдийн засагчид дэвшүүлжээ.

    БНХАУ-ын хамгийн том түүхий эдийн хөрөнгийн менежментийн фирм болох “Shanghai Chaos Investment” компанийн дэргэдэх Хаос судалгааны институцийн захирал Донг Хао энэ талаар “Бид ирэх онд хар металлаас илүү суурь металлын ханш өснө гэж тооцож байна. Ирэх онд дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээтэй сэргэлт ажиглагдах хандлагатай байгаа бөгөөд үүнд суурь металлын ханшийн өсөлт голлох нөлөөтэй. Харин хар металлын ханшийн өсөлт Хятадын эдийн засгийн сэргэлт тэр дундаа дотоодын барилгажилт болон дэд бүтцийн эрэлтээс хамаарах болно. Хятадын зах зээлд ирэх онд зэсийн эрэлт өндөр байх хандлагатай байна” гэсэн юм.

    Шар буурцаг

    Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлд ирэх онд шар буурцаг гол тоглогч болох хандлагатай байна. Тухайлбал, 2018, 2019 оны Африкийн гахайн ханиад болон 2020 оны коронавирусийн цар тахлын дараагаар дэлхийн хэмжээнд гахайн аж ахуй бараг сүйрэлд ороод байгаа юм. Харин дэлхийн хүн амын уургийн хэрэгцээг хангах шаардлагын улмаас шар буурцагны эрэлт ирэх онд супер өсөлт үзүүлэх таамгийг дэвшүүлжээ.

    Олон улсын зах зээлийн судалгааны “StoneX” компанийн ахлах шинжээч Дарин Фридрихс энэ талаар “Хятадын гахайн аж ахуйн салбар хурдтай өсөж, сэргэж байна. Амьд гахайн үнэ харьцангуй өндөр хэвээр байгаа ч тэд гахайн аж ахуйгаа сэргээх, үржүүлгийн ажлыг эхнээс нь хийж буй. Хятадын шар буурцагны импортын хэмжээ энэ онд аль хэдийн рекорд хэмжээнд хүрээд байна. Тус улсын томоохон гахайн аж ахуйнууд сэргээн босголттой нүүр тулж байгаа энэ үед шар буурцагны эрэлт өсөх болно” гэсэн байна.

    Төмрийн хүдэр

    Төмрийн хүдрийн үнэ болон гүйцэтгэлийн харьцаа 2020 онд бусад бүх түүхий эдээс давж, Хятадын гангийн эрэлт түүхэн дээд төвшнөөс хоёр дахин өндөр хэмжээнд хүрээд байгаа юм. Хэдий эдийн засагчид Хятадын барилга, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарын тогтвортой байдлаас шалтгаалж ирэх онд төмрийн хүдрийн ханш төдийлөн өсөхгүй байх урьдчилсан таамгийг дэвшүүлж байгаа ч Бразил дахь түүхий эдийн нийлүүлэлтийн түгшүүр нь зах зээлийн өдөөж болзошгүй гэж үзэж байгаа аж.

    Сингапурын “OCBS” банкны эдийн засагч Хоуи Ли энэ талаар “Эцсийн хэрэглэгчид дээрх хатуу эрэлт болон Хятадын барилгын салбарын үзүүлэлтүүдээс ажиглахад төмрийн хүдрийн үнийн өсөлт дуусах болоогүй байж болзошгүйг харуулж байна. Хятадын дэд бүтцийн томоохон төслүүд тогтвортой үргэлжлэх болно. Тиймээс зах зээлд эрэлт бий болж 2021 оны хоёрдугаар улиралд төмрийн хүдрийн ханш түүхэн дээд хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байна. Гэхдээ Бразил улс нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэснээр Хятадын эрэлт суларч 2021 оны төгсгөл гэхэд төмрийн хүдрийн ханш уналтад орж магадгүй” гэсэн байна.

    Газрын тос

    Дэлхийн хэмжээнд цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоосноор энэ онд шатахууны эрэлт асар их хэмжээгээр буурч, газрын тосны салбар түүхэнд байгаагүй хямралтай нүүр тулсан. Газрын тосны голлох индексүүдийн ханш 2020 оны гуравдугаар сараас хойш унаж, өнөөдрийг хүртэл “COVID-19”-ийн өмнөх үеийн үзүүлэлтэд хүрч чадаагүй байгаа ч вакцин, дархлаажуулалт явагдаж эхэлснээр ирэх онд шатахууны эрэлт сэргэх найдлага ажиглагдаж буй.

    Австрали болон Шинэ Зеландын “ANZ Banking Group”-ийн зах зээлийн судалгааны төвийн тайланд “Газрын тосны салбарын түүхэн дэх хамгийн аймшигтай хямрал дууссан гэж таамаглах хараахан эрт байна. Хямралыг давахын тулд эхлээд хэд хэдэн сорилт, бэрхшээлийг туулах шаардлагатай. Хэдий вакцины үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, масс дархлаажуулалтын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн ч Засгийн газрууд коронавирусийн шинэ мутацын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хөл хориог дахин хэрэгжүүлж эхлээд байна” гэжээ.

    Алт

    Хөрөнгө оруулагчид цар тахлын хямралаас үүдэлтэй долларын ханшийн уналт, Засгийн газрын зардлын хэтрэлт болон түүнээс үүдэлтэй инфляцын өсөлтөөс хоргодох зорилгоор аюулгүй нүүдэл хийж алт худалдан авч эхэлснээр энэ онд алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. Хэдий вакцин, дархлаажуулалт идэвхжиж хөрөнгө оруулагчид буцаад мөнгөө эргэлдүүлж эхэлсэн ч эдийн засагчид ирэх онд алтны ханш өндөр хэвээр хадгалагдана гэж үзэж байгаа аж.

    Сингапурын “OCBS” банкны эдийн засагч Хоуи Ли энэ талаар “Эрсдэлийн мэдрэмж нэмэгдэж байгаа нь аюулгүй эх үүсвэр гэгдэх алтны зах зээлийн сонирхлыг нэмэгдүүлэх анхны хүчин зүйл болж магадгүй юм. Гэхдээ долларын сулрал, бага ургац болон инфляцын хүлээлтийн гурвалсан хослол нь алтны ханшийн өсөлтийг ирэх онд үргэлжлүүлэх болно” гэх байр суурийг илэрхийлсэн байна.

    Эх сурвалж: Reuters