ГЕГ: Өнгөрсөн 7 хоногт Гашуунсухайтаар нүүрс тээвэрлэн гаргасан автомашины тоо 42 хувиар нэмэгдсэн

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжилж байгаа талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гол боомт болох Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэн гаргасан автомашины тоо 42 хувиар, Шивээхүрэн боомтынх 157 хувиар өссөн байна.

Зэсийн баяжмалын экспорт мөн нэмэгдсэн байна. Гашуунсухайт боомтоор гарч буй зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо 30 хувиар өсжээ. Харин төмрийн хүдрийн экспорт буурсан талаар гаалиас мэдээллээ.

Одоогоор байдлаар ачаа тээврийн чиглэлийн боомтууд үйл ажиллагаа явуулж байна. Цагаан нуур боомтын үйл ажиллагааг 12 дугаар сарын нэгнээс эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээсэн бөгөөд зөвхөн нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж. Мөн Эрээнцав боомтын төмөр замын хөдөлгөөнийг нефтийн бүтээгдэхүүн оруулах зорилгоор 12 дугаар сарын нэгнээс нээсэн юм.

Монгол Улс 11 дүгээр сарын дундуур дотооддоо “коронавиурс”-ийн халдварыг алдсанаас хойш сар гаруйн хугацаанд төмөр замаар гаргадаг эрдэс бүтээгдэхүүний экспорт зогсонги байдалд орсон талаар “Цайрт минерал”, “Big Mogul Coal & Energy” компаниуд мэдээлж байлаа.

Үүнээс гадна Замын-Үүд боомт дээр хилийн боомтын дундын бүсэд ачаа тээвэр хийх жолооч нарын тоо 100 гаруй болсон гэх мэдээллийг гаалиас өглөө.