Арванхоёрдугаар сард усны хөнгөлөлтөд 11 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар айл  өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл төрөөс ус, дулааны мөнгийг төлөх шийдвэрийн хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сарын гүйцэтгэлийг улс орон даяар гаргаж дууссан байна. Тодруулбал, сард цэвэр бохир усны төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар 728.123 өрх, 27,800 гаруй ААН байгууллага судалгаанд тусгагдсан байна.

Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь “Айл өрхийн тухайд 341 мянга нь орон сууцны айл өрх, 387 мянга нь гэр хорооллын айл өрх байна. Арванхоёрдугаар сарын усны хөнгөлөлт чөлөөлөлтөд 11 тэрбум орчим төгрөг орох тооцоо гарлаа.

Энэ мөнгийг Сангийн яамаар дамжуулан Ус сувгийн удирдах газар зэрэг усны төлбөр тооцоо хариуцдаг байгууллагуудад нь  энэ сардаа багтааж шилжүүлэхээр тооцож байна. Арванхоёрдугаар сар бол усны өндөр хэрэглээтэй сар биш. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор иргэд гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа тул судалгаагаар нэг хүний хоногийн хэрэглээ 4-6%-аар өссөн харагдлаа. Айл өрхүүд хариуцлагатай байж тухайн заасан хугацаандаа тоолуурынхаа заалтыг өгөх хэрэгтэй" хэмээв.