Жо Байдены Тангараг өргөх ёслолд Холливудын одод оролцоно

АНУ-ын аж амьдрал удахгүй өөрчлөгдөх гэж байна. Энэ сарын 20-нд Америкийн шинэ Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөн, засгийн эрхийг авч, Доналд Трамп Цагаан Ордноос гэртээ харих юм.

Тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн ёслол олон алдарт одтойгоор, Холливуд маягаар зохион байгуулагдах гэнэ.

Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс шоунд ирсэн зочдыг танилцуулах, хөтлөх хүндэт үүрэг хүлээжээ.

Ёслолын онцгой нэгэн үүргийг дуучин Леди Гага хүлээсэн. Тэр АНУ-ын Төрийн дууллыг дуулах юм.

Энэ өдөр мөн Женнифер Лопес тайзан дээр гарах ч чухам ямар бүтээлээ толилуулах нь тодорхой бус. Энэ хоёр дуучин сонгуулийн сурталчилгааны үеэр Жо Байденыг дэмжиж байсан билээ.

Тангараг өргөх ёслолд Жастин Тимберлейк, Деми Ловато, Жо Бон Жови нар оролцоно.

Ёслолын өдөр аюулгүй байдлын үүднээс 13 метроны буудлыг хааж, 26 автобусны чиглэлийг өөрчилжээ.

Хуучин Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордноос Флорида дахь эдлэндээ харих гэнэ. Гэхдээ түүнийг улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр шүүхэд өгөх эсэхийг удахгүй Байдены тангараг өргөх ёслолын дараа шийдэх юм.