УИХ-ын баталсан Шүүхийн тухай хуулийн онцлох заалтууд

    УИХ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

    Тус хуулийн төсвийг Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан билээ. Шинэ УИХ байгуулагдаж тус хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажилласан юм. Өчигдөр тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд өнөөдөр эцэслэн батлав. 

    Хуулийн өөрчлөлтөөр ШЕЗ болон Шүүгчийн сахилгын хороог байгуулав. Шүүхийн тухай хуульд оруулсан онцлох өөрчлөлтүүд:

    1.Нийт шүүгчийн чуулган

    Монгол Улсын бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, 4 жил тутам зохион байгуулагдах Нийт шүүгчийн чуулган хуралдаж байх эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.  Ингэснээрээ шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж УДШ-д уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмаа батлах, ШЕЗ болон ШСХ-ны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байх юм.

    2.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх

    Хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байна.

    3.Шүүгчийг мэргэшүүлэх

    Шинээр томилогдож байгаа шүүгчийг мэргэшүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор 3 сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулдаг болно. 

     4.Шүүгчийн хариуцлага

    Шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгч байгаагаараа онцлог. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж тусгалаа. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил, зөрчил гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил, зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн. 

     5.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах

    Шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар нилээн ярьдаг. Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт хуулийн төсөлд тусгалаа олсон. Үүний зэрэгцээ шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал үүний дотор ялангуяа эдийн засгийн баталгааг давхар сайжруулж байж баланс барих учиртай гэж үзэж байгаа. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн 7 жилд зогсонги байдалтай байгаа талаар та бүхэн сонссон байх. Шүүгч нар УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгний цалин авдаг. Үүн дээр хуульд заасан шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн 2 хувийн нэмэгдэл авдаг. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж гаргахыг хориглосон, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зохицуулалтыг тусгасан.

    6.Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх

    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгаад байна.

    Эх сурвалж: itoim.mn