В.Путины ордонд юу байдаг вэ?

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германаас эх орондоо буцаж ирэхдээ ОХУ-ын төрийн тэргүүн Путинд гэнэтийн бэлэг барилаа. Навальный шинэ баримтат киногоо олон нийтэд цацсан бөгөөд тус кинонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тансаг ордон болон түүнийг тойрон хүрээлэгчдийн авлигын схемийн талаарх дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм.  

Алексейг Навальныйг энэ сарын 17-нд Германаас эх орон буцаж ирээд байхад нь буюу Шереметьевогийн нисэх буудлаас баривчилсан. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд тэрбээр Томксоос Москва руу нисэх үед онгоцонд бие нь муудаж, ухаан алдсан юм. Тиймээс нисэх багийнхан Омск хотноо яаралтай газардах шийдвэр гаргасан.  

Түүнийг Герман руу эмчлүүлэхээр явуулсан бөгөөд тус улсын эмч нар Навальныйг цэргийн "Новичок" бодисоор хордуулсан гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү Герман улсад таван сар болоод эх орондоо буцаж ирсэн ч цагдаагийнхан түүнийг нисэх буудлын бүртгэлийн хэсэгт саатуулж, харин өмгөөлөгчийг нь оруулаагүй байна. Дараа нь цагдаагийн газраас мэдээлснээр Холбооны Шийтгэлийн албанаас түүнийг баривчилсан гэж мэдэгдсэн. 

“Путины ордон” гэх баримтат киног Алексей Навальный Германд байхдаа хийсэн ч Шереметьевогийн нисэх буудалд болсон баривчилгааны дараа буюу энэ сарын 19-нд олон нийтэд цацсан. Улмаар Навальныйгийн Авлигын эсрэг сан Оросын өнцөг булан бүрд байгаа иргэдийг Путины дарангуйллын эсрэг жагсаалд хүчээ нэгтгэхийг уриалсан билээ.  

УЛС ДОТОРХ УЛС БУЮУ ТАНСАГ ОРДОН ДОТОР ЮУ БАЙДАГ ВЭ  

Путин нууц харш хар тэнгисийн эрэг дагуу байрлах Краснодар мужийн Геленжик гэх үзэсгэлэнт хотод байрладаг. Монакогийн вант улсын газар нутгийн хэмжээг 39 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний асар том ордон тэнд сүндэрлэж буй. 

  • Газар нутгийн хэмжээ: 7800 га газар нутаг 
  • Өртөг үнэлгээ: Хамгийн багадаа 1 тэрбум ам.доллар 

Тус ордны бүтээн байгуулалт 2005 онд эхэлсэн ч барилгын хана тааз эхнээсээ хөгцөрч эхэлсэн тул барилгын засал чимэглэлийн ажлыг дахин эхлүүлсэн талаар баримтат кинонд харуулж буй юм. 

Нууц харш руу явах замыг олоход маш бэрх бөгөөд ой мод, далай тэнгисээр хүрээлэгдсэн байдаг тул гадны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй. Түүнчлэн ордон маш сайн хамгаалалтын системтэй. Өндөр хашаагаар хүрээлүүлсэн бөгөөд гол ордны газар нутаг руу нэвтрэхийн тулд дөрвөн удаа хяналт шалгалтын хэсгийг давах ёстой. Ордон руу барилга, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажилчдаас бусад гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй. Эдгээр хүмүүс ордон руу нэвтрэхдээ гар утас, зургийн аппарат, дуу хураагуур зэрэг зураг, дуу бичлэг хийж болох бүх зүйлээ хураалгадаг байна. Ордны зүг дрон нисгэх, завиар ойртохыг хатуу хориглодог.

ТЭГВЭЛ ийм өндөр хамгаалалттай газрын дүрс бичлэгийг Навальныйгийн баг хэрхэн авсан бэ. Түүний мэдээлж буйгаар баримтат кинонд гаруй буй бүх зургийг 2016 онд анх барилгын ажил эхлэхэд тэнд ажиллаж байсан барилгын ажилчдаас авсан гэв.

Путиныг олон төрлийн спортоор хичээллэдэг тэр дундаа хоккейд нугасгүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Жил бүр хоккейн холимог оддын тоглолт зохион байгуулж, өөрөө оролцдог уламжлалтай. Тэгвэл Путин хоббиндоо зориулж хоккейн ордон босгосон байна. 

Дээрх зурган дээр харагдаж буй цагаан талбай бол нисдэг тэрэгний хоёр зогсоол. Харин түүнтэй залгаа байрлаж буй ногоон байгууламжаар хучигдсан барилга нь газар доорх хоккейн ордон юм. Тус хоккейн ордон нь таван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй хэмээн Навальный мэдээлж буй юм.

Түүнчлэн зочдын хүлээн авахад зориулсан Цайны ордон, усан үзэмний талбай, дарсны үйлдвэр, сүм, далай руу хөтлөх газар доорх туннель, хэдэн зуун машин, машины зогсоол, ажилчдын нийтийн байр зэрэг маш олон бүтээн байгуулалт байдаг аж.

Албан ёсны бичиг баримтад Оросын төрийн тэргүүн Путины нэр хаана ч дурдагдаагүй. Геленжик хотод байрлах тус газрыг Комплекс гэх компани эзэмшдэг бөгөөд тус компани нь Путины үеэлийн нэр дээр байдаг аж. 

ПУТИНЫ ГЕЛЕНЖИК ДЭХ ОРДОНТОЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДЛЭЭ 

ОХУ- д маш их шуугиан дэгдээгээд буй "Путины ордон" баримтат киноны талаар Путин өчигдөр байр сууриа илэрхийллээ. Өчигдөр болсон Оюутны өдрийг тохиолдуулан Путин Уфа мужийн газрын тосны техникийн их сургуулийн оюутнуудтай уулзсан юм. Энэ үеэр нэгэн оюутан түүнээс Навальныйгийн баримтат киноны талаар юу гэж бодож байгаа талаар асуужээ. Үүний хариуд Путин Цаг зав байхгүй нь улмаас тухайн баримтат киног бүтнээр нь үзэж амжаагүй. Гэсэн хэдий ч манай туслахуудын над руу илгээсэн зарим нэг бичлэгүүдийг үзсэн. Баримтат кинон дээр гарч буй ордон, түүн доторх бүх эд зүйл, газрыг эзэмшиж буй бичиг баримтад Путины нэр байдаггүй. Мөн түүний ойр тойрны хүмүүс ч хэзээ ч энэ бүхнийг эзэмшиж байгаагүй гэж хэлжээ.

Улмаар Навальный өөрийнх нь тухай баримтат кино бүтээхээр 10 гаруй жилийн турш баримт цуглуулж байсан бөгөөд энэ удаад эгзэгтэй мөчийг олж олон нийтэд цацсан. Үүгээрээ Оросын ард түмний тархийг угаах гэж хичээж байна гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баримтат кинон дээр гардаг шиг орд харш Геленжик бий. Гэхдээ эзэн нь өөр хүн Путин үүнтэй ямар ч холбоогүй. Ерөнхийлөгч Геленжик рүү очиж байгаагүй. Ерөнхийлөгч рүү чиглэсэн мэдээллийн дайралт хийхээр завдаж байгааг бид мэдэж байсан. Энэ нь улс оронд тогтворгүй байдал үүсгэх зорилготой. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Үнэн зөвийг ялгах чадвартай гэжээ. 

Энэ сарын 19-нд YouTube-т байршуулсан "Путины ордон дэлхийн түүхэн дэх хамгийн том авлига" гэх баримтат кино 90 сая хандалт аваад байна.