“Жи-Тайм” сүлжээний хэргийн оролцогч нар Дээд шүүхэд хандахаар болжээ

“Жи-тайм” гэх тодотголтой хэргийн оролцогч нар Улсын дээд шүүхэд ханджээ.

Тус хэргийн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр  хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  хэлэлцээд  анхан шатны шүүхийн шийдвэрт  гомдол  гаргасан  зарим оролцогч нарт олгох болон гаргуулах  төлбөрт  өөрчлөлт оруулж,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцэж, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн. Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу  хэргийн оролцогч  нараас Улсын дээд  шүүхэд  хандаж  гаргасан  гомдлоо ирүүлсээр  байна. Иймд  тус  шүүх  гомдлуудыг  талуудад  танилцуулж  дууссаны  дараа  Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлнэ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Жи тайм корпорейшн ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар