Арбитрын шүүх Туркойз Хилл Ресурсын талд түр шийдвэр гаргалаа

Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани өнгөрөгч оны арваннэгдүгээр сард далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбартай холбоотой хөрөнгө оруулагч талуудын маргааныг шийдвэрлэх зорилгоор өөрийн толгой компани болох Рио Тинтогийн эсрэг Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Рио Тинто 2020 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгахад шаардлагатай нийт зардлын хэмжээ 6.75 тэрбум ам.доллар байх бөгөөд 2022 оны аравдугаар сард анхны олборлолтоо эхлүүлэх тооцоог танилцуулсан. Анх Дубайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон.

Тиймээс Рио Тинто далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын энгийн хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Харин Туркойз Хилл Ресурс болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид Рио Тинтогийн хувьцаа арилжих хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд Оюутолгойн ил уурхайгаас ирээдүйд олборлох зэсийн баяжмал дахь алтны хувь хэмжээг бартердах, 10 жилийн хугацаатай бонд гаргах нөхцөлөөр гүний уурхайг санхүүжүүлэхийг зорьж байгаа юм. 

Хамгийн сүүлд Туркойз Хилл Ресурс компани өнгөрөгч сард Рио Тинто талуудын хооронд хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэрээний заалтын хүрээнд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар хэрэгжүүлэх зорилгоор одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийх тодорхой алхмуудыг хэрэгжүүлж байна гэх үндэслэлээр Арбитрын шүүхээс түр захирамж гаргуулах хүсэлт хүргүүлсэн.

Тэгвэл Туркойз Хилл Ресурс компани пүрэв гаригт өөрийн албан ёсны вебсайтаар дамжуулан Арбитрын шүүх тус компанийн түр захирамж гаргуулах хүсэлтийг хүлээн авсан талаар мэдэгдлээ.

Түр захирамж гарснаар Арбитрын шүүх маргааныг эцэслэн таслах хүртэл оролцогч талууд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэх талаар аливаа үйл ажиллагаа, хэлэлцээр өрнүүлэх асуудлыг хориглох юм.

Туркойз Хилл Ресурсийн зүгээс өнгөрөгч сард Рио Тинто төслийн өнөөгийн зээлдүүлэгчидтэй "Оюу Толгой" ХХК-г 2021 онд бонд гаргах боломжгүй болгох нөхцөлөөр хэлэлцээр хийж байна. Үүнээс гадна Туркойз Хилл Ресурс компани Оюутолгой төслийн бусад оролцогч талууд, түүний дотор Монголын Засгийн газар болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-тай санхүүжилт болон бусад асуудлаар хамтран ажиллахыг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна гэж мэдэгдсэн.

Арбитрын түр захирамжийн дагуу Рио Тинто 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл шүүхийн маргаан буюу Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар гэрээний заалтуудыг ашиглан, төслийн зээлдүүлэгчидтэй аливаа хэлэлцээр хийхийг хориглох юм. Арбитрын шүүх гуравдугаар сарын 2-нд түр захирамжийг сунгах эсэх асуудлаар хуралдах аж.

Эх сурвалж: turquoisehill.com