Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг түүнд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн байна.

БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн оршин сууж байгаа бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, иргэд, хүмүүнлэгийн харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ инноваци, гарааны бизнесийн шинэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг Элчин сайд онцолжээ.

Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд 2021 онд КОВИД-19 цар тахлыг даван туулж, амьдралын шинэ хэв маяг бүхий ирээдүйд шилжин ороход олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг онцлов. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн “Солонгосын шинэ боломж” бодлогын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нөөц боломж буйг Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлжээ.

Түүнчлэн БНСУ-ын дэвшүүлсэн Солонгосын хойгийн энхтайван, хамтын ажиллагааны санаачилга болон 2021 оны 5 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдах “Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл–P4G” уур амьсгалын асуудлаарх олон улсын хуралд БНСУ-ын Засгийн газар анхаарч ач холбогдол өгч буйг Ерөнхийлөгч тэмдэглээд энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүссэн байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Элчин сайдад баяр хүргэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.